Эко шошго (Байгаль орчны тэмдэг)-н ISO 14020 багц стандартын тухай

Үйлдвэрлэлийн байгууллагад ISO 14001 стандарт нэвтрүүлж байгаа бол эко шошго гэж танигдсан бүтээгдэхүүний стандартыг хамт нэвтрүүлэх боломжтой


Байгаль орчны менежментийн ISO 14001 бол олон дэд стандарттай, ерөнхий, том стандарт билээ. Энэ нь байгууллагад хяналтанд авах ёстой, менежмент хийх хэрэгтэй гол шаардлагуудыг харуулдаг боловч юуг хэрхэн хянах, яаж байгаль орчны асуудал бүрийг сэдэвчлэн хянахыг дэд стандартууд нь заадаг. 

Өнөөдөр эко шошго гэж танигдсан, 2016 оны болон 2022 оны шинэ хувилбар стандартууд нь "Байгаль орчны тэмдэг" гэж нэрлэгддэг болсон ISO 14020-н багц стандартын талаар мэдээлэл хуваалцъя. 

Одоогоор олон улсад дараах стандартууд багцаараа хэрэгжиж байна. 

Эх үүсвэр: ISO Олон улсын стандартчиллын байгууллагын вэб сайтаас техникийн хороо ISO/TS 207-н мэдээллийг үзэх. (https://www.iso.org/standard/79479.html)
Тайлбар: Зарим стандарт одоо шинэчлэгдэж байгаа болно* 

Энэ төрлийн багц стандартыг хэрэгжүүлж буй байгууллагууд ISO 17029:2019 стандартын дагуу Магадлагаа ба Нотолгооны аргаар Тохирлын үнэлгээ хийдэг байгууллагын үйлчилгээнд хамрагдаж, тэмдэг авах боломжтой. Байгаль орчны мэдэгдлийн хувьд баталгаажуулалтын байгууллага нь ISO 17029 стандартын хамт ISO 14065:2020 стандартын дагуу зарим тусгай шаардлагыг нэмж аудитлах, ISO 14066:2023 стандартын дагуу аудитын багийн чадамжийн шаардлагыг хангасан байна. 



Монгол Улсад одоогоор бүтээгдэхүүнд эко шошго олгох стандарт боловсруулагдаж, ISO 14020 багцын 1999 ба 2001 оны хувилбарууд орчуулагдан хэрэглэгддэг боловч хуучирсан байна. Өмнө хэрэгжүүлж байсан эко шошгоны стандарт салбарыг бүрэн хамарч хэрэгждэггүй, нийтийн хэрэглээ болж хэвшээгүй байна. 

Тухайлбал, МУ-н хил гаалиар өөр улсын үйлдвэрлэгч байгууллагууд хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэлтэй баталгаажуулалтын байгууллагаар аудитлагдаж, ногоон эсвэл эко шошго авсан химийн бүтээгдэхүүнүүд (будаг, цэвэрлэгч шингэн гэх мэт) импортлогдон орж ирдэг. Гэвч тэдгээр бүтээгдэхүүн нь эко гэдэг шаардлагыг хангасан учир аюултай хортой химийн бодисын ангилалд багтдаггүй байх ёстой авч, энэ шошгыг ялган таньж, МУ-даа ангиллыг нь өөрчилж хүлээн зөвшөөрч хэрэглэх системгүй байгаа нь олон байгууллагад аудит хийгээд явж байхад ажиглагддаг. 

Түүнчлэн гэр ахуйн цахилгаан бараа, тухайлбал хөргөгч, угаалгын машинд тогны хэмнэлттэй, усны хэмнэлттэй гэхчлэн шошгууд байдаг ба ийм эко шошготой бүтээгдэхүүн нь хүлэмжийн хийн ялгарал багатай, тог усны хэрэглээ буюу байгалийн нөөцийг гамнаж буй учир бусад орны жишгээр гааль татварын орчинд мөн хөнгөлөлттэй байх хэрэгтэй ч одоогоор ийм зохицуулалтгүй байна. 

Ийм төрлийн эко шошготой бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, борлуулах үйл ажиллагаанд эдийн засгийн орчинд банк, санхүүгийн байгууллагаас "ногоон зээл" олгох мэтээр бизнесүүдээ дэмждэг олон улсын тогтолцоо мөн ажилладаг, одоогоор МУ-д энэ чиглэлээр сайжруулалт хийгдэж эхэлж байгаа боловч байгууллага, төсөл, үйл ажиллагаа болон бүтээгдэхүүний эко шошгыг ялган таниад, ногоон зээлд хамруулан үзэх тухай арга зүйн заавар дутагдалтай хэвээр байна. 

Эко шошгоны багц стандартыг товч танилцуулбал: 

ISO 14020:2022 стандарт  нь Байгаль орчны мэдэгдэл ба бүтээгдэхүүний хөтөлбөрийн ерөнхий зарчим, шаардлагуудыг танилцуулдаг. Энэ дагуу олон улсад аливаа байгууллага үйл ажиллагаа, төсөл, бүтээгдэхүүн, үйл явц нь байгальд ээлтэй гэдгээ сонгон мэдэгдэж, тэмдэг (шошго) авах боломжтой гэж заасан байдаг. Мэдэгдлийн ерөнхий шаардлага болох хэрхэн давхар утгатай, ойлгомжгүй мэдэгдлээс сэргийлэх, датаны чанарыг хэрхэн хянах, хэмжих үзүүлэлтийг хэрхэн тоогоор илэрхийлэх, байгаль орчны мэдэгдлийн формат, тайлагнал ба нийтлэл, ашиглах билгэ тэмдэг ба график гэхчлэн заасан. Дараах 3 төрлийн мэдэгдэл байна: 

- 1-р төрлийн эко шошго ба тунхаглал (14021): Байгууллага өөрөө сонгон тунхаглаж болох мэдэгдэл. Энд хэрхэн мэдэгдлээ үнэн зөв, тодорхой гаргах, тайлбарыг бичих шаардлага зэргээс гадна дараах шошгоны төрлийг санал болгодог: Байгальд шингэдэг бүтээгдэхүүн, өөрөө задардаг бүтээгдэхүүн, угсралтыг задалж хэсэгчлэн ашиглах боломжтой дизайн бүхий бүтээгдэхүүн, насжилтыг нь уртасгасан бүтээгдэхүүн, эрчим хүчийг сэргээн ашигласан үйлдвэрлэл үйл ажиллагаа, дахин боловсруулах боломжтой материал, эрчим хүчний ба усны хэрэглээг багасгасан үйл ажиллагаатай, байгалийн нөөцийн хэрэглээг багасгасан үйл ажиллагаа, дахин ашиглах ба дахин дүүргэх боломжтой савлагаа, хог хаягдлыг багасгасан, сэргээгдэх материал ашигласан, сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэсэн, тогтвортой, хүлэмжийн хийг бууруулсан гэх зэрэг ангилал тус бүрт эко шошго ашиглаж, хэрэглэгчдэдээ тунхаглаж болно. 

(ISO 14021 стандартын дагуу- https://www.iso.org/standard/66652.html);


- 2-р төрлийн эко шошго (14024): Баталгаажуулалтын байгууллагын урьдчилан тогтоосон хөтөлбөрийн шаардлагыг хангаж, түүнд магадлагаа ба нотолгоо (верификаци ба валидаци) хийлгэснээр тухайн байгууллагаас шошго авч хэрэглэх. Энд амьдралын мөчлөгийн үнэлгээг зөвшөөрөгдсөн аргачлалаар хийсний дараа шошгоны шаардлага боловсруулах, хэмжих үзүүлэлтэнд сонголттой хандах, бүтээгдэхүүний шинж чанарыг тодорхойлох, хүчин төгөлдөр үнэн зөв дата мэдээлэл гарган авах шалгуур, салбарын сонирхогч талуудтай зөвлөлдөх, нийцэл ба нотолгооны шаардлага хангах, ил тод байдал, мэдээлэлд нэвтрэх боломжтой байх, бүтээгдэхүүнд хамааралтай шалгуурыг тодорхойлох шинжлэх ухааны аргачлалын шаардлага, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байгааг нотлох, мэдээллийн нууцлал ба харилцан хүлээн зөвшөөрөлтийн үндсэн шаардлагуудыг танилцуулсан. 
Нотолгооны аргаар баталгаажуулалт хийх хүмүүсийн чадамжийн шаардлага, баталгаажуулалтын байгууллагад лиценз олгох, хяналт тавих, бүтээгдэхүүний категорийн дүрмийн дагуу бүтээгдэхүүн сонгох үндэслэл, түүнийг тайлагнах ба нийтлэх, бүтээгдэхүүний категори бүр дэх бүтээгдэхүүний болон байгаль орчны шалгуур тогтоох, тохирлыг тунхаглах, нийцлийг хянах, шошгыг хамгаалах гэхчлэн олон дэд шаардлага бий. 
(ISO 14024 стандартын дагуу - https://www.iso.org/standard/72458.html);

- 3-р төрлийн эко шошго ба тунхаглал (14025): Бизнесээс-бизнест-зориулсан (B2B), Бизнесээс-эцсийн хэрэглэгчид-зориулсан (B2C) гэсэн 2 ангиллаар бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн үндсэн дээр аливаа үйл ажиллагаа, үйлчилгээ, төсөл, бүтээгдэхүүндээ магадлагаа, нотолгоо хийслгэснээр, ханган нийлүүлэлтийн сүлжээний хэрэглэгчдэд хүлээн зөвшөөрөгдөх шошго авч хэрэглэх  боломжтой. 
Энэ стандартаар хөтөлбөр эзэмшигчийн болон ажиллуулагчийн үүрэг, сонирхогч талуудын оролцоо, бүтээгдэхүүний категори тогтоох журам, бүтээгдэхүүний категорийн дүрэм боловсруулах журам, тунхаглалын шаардлага, хөндлөнгийн байгууллагаар магадлагаа нотолгоо хийлгэх шаардлага, нотлоочдын хараат бус байдал ба чадамжийн шаардлага, нотолгооны хорооны үйл ажиллагааны шаардлага, нууцлал хадгалах дүрэм, хэрэглэгчдэд нотолгоо гаргах тухай нэмэлт шаардлага зэргийг тайлбарладаг. Энэ стандартыг ихэвчлэн В2В буюу хэрэглэгч байгууллагад ханган нийлүүлэгчийнх нь мэдэгдлийг нотолж, баталж өгөх үйл ажиллагаа багтдаг ч онцгой тохиолдолд В2С буюу хэрэглэгчдэд мэдээлэх нөхцөлийг мөн хамт багтааж болдог. 


(ISO 14025 стандартын дагуу - https://www.iso.org/obp/ui/#iso:std:iso:14025:ed-1:v1:en). 


Эдгээр стандартын дагуу аливаа үйл ажиллагаа, төсөл, бүтээгдэхүүн, үйл явцад байгаль орчинд ээлтэй байх шалгуур тогтоож стандартчилах, эсвэл олон улсад хэрэглэгдэж байгаа стандарт шаардлагыг авч хэрэглэхдээ анхаарах хоёр өөр стандарт бий. Үүнд: 

1] ISO 14027:2017 стандартын дагуу Бүтээгдэхүүний категорийн дүрэм боловсруулж, тэр дагуу тухайн нэг бүтээгдэхүүний түүхий эд цуглуулагдахаас эхлээд үйлдвэрлэгдээд, эцсийн бүтээгдэхүүн болж хэрэглэгчид очих, түүний дараа хэрэглэгдэж дуусаад хаягдах, устгагдах хүртэлх бүхий л үе шатанд ямар ямар амьдралын мөчлөг байгааг тусгай аргачлалын дагуу судалж нотлох хэрэгтэй болдог. Үүнийг, эрх бүхий байгууллагуудаар хэлэлцүүлж, мэргэжлийн холбоод ба хүмүүст хүлээн зөвшөөрүүлсэний дараа "Бидний баталгаажуулж, тэмдэг (шошго) олгох бүтээгдэхүүн, үйл явц, төсөл нь яг хаана нь байгаа юм бэ, баталгаажуулалтын хил хязгаар нь хаагуур зааглагдах юм бэ" гэдгийг батлуулсан байдаг. 
(https://www.iso.org/obp/ui/en/#iso:std:iso:ts:14027:ed-1:v1:en)

2] ISO 14040 гэр бүл стандарт бол Амьдралын мөчлөгийн үнэлгээ хийх аргачлалыг нарийвчлан заадаг стандартууд. 

- ISO 14040:2006 гэх стандарт нь 2022 онд хянагдсан ба шинэчлэх шаардлагагүй учир 2006 оны хувилбараараа хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Энэ нь "Байгаль орчны менежмент - Амьдралын мөчлөгийн үнэлгээ: Зарчим ба хамрах хүрээ" гэдэг нэртэй. Амьдралын мөчлөгийн үнэлгээ хийх зорилго, хамрах хүрээ, анализд хамруулах орцууд, үнэлгээний үе шатууд, амьдралын мөчлөгийн үр нөлөөний үнэлгээ хийх үе шатууд, амьдралын мөчлөгийг тайлбарлах үе шат, тайлагнах ба хянах аргачлал, хязгаарлалт, үнэ цэнийн сонголтуудыг хэрэглэх нөхцөл ба сонголттой байж болох элементүүдийг хязгаарлаж, зааж өгсөн. Энэ нь ерөнхий зарчмын шаардлага тавих боловч яг яаж хийх арга зүйг нарийвчлан зааж өгөөгүй. 
(https://www.iso.org/standard/37456.html)

- ISO 14044:2006 стандарт нь мөн адил 2022 онд хянагдсан ба шинэчлэх шаардлагагүй учир 2006 оны хувилбараараа хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Энэ нь "Байгаль орчны менежмент - Амьдралын мөчлөгийн үнэлгээ: Шаардлага ба удирдамж" гэдэг нэртэй. Амьдралын мөчлөгийн үнэлгээ (Life cycle assessment - LCA), амьдралын мөчлөгийн орцууд (Life cycle inventories - LCI) судалгаанууд хийх шаардлага, удирдамжийг танилцуулдаг. 
(https://www.iso.org/standard/38498.html)

Эдгээр стандартыг Австрали, Их Британи улсууд сайн жишиг болгон өргөн ашиглаж хэвшиж байна. Эдгээр улсуудад илүү сайн дурын сонголт хэлбэртэй, тэнцвэртэй стандартыг тогтвортой байдлын шинэлэг стандартууд хэлбэрээр үүсгэн хэрэгжүүлдэг хувийн болон төрийн бус байгууллагууд өөрийн стандартыг боловсруулан, салбарт хэрэглүүлдэг туршлага давамгай байна. 

Герман болон Сингапур улсад бол илүүтэй төрийн байгууллага, яамд нь хамтран хэрэгжүүлж, дэмжиж, зарим тохиолдолд улсын хууль ба дүрэм журмаар стандартыг шаардаж, хэрэгжүүлдэг. 

Жишээ болгон, Австрали улсын эко шошгоны сайн туршлагаас барилгын салбарын нэг, хүнсний борлуулалтын салбарын нэг жишээг товчхон хуваалцъя: 

1] Барилга 

Австрали улсад хэрэглэгчид нь тогтвортой хөгжлийн стандартын шаардлага хангасан, эко материал хэрэглэдэг, сэргээгдэх эрчим хүч ба тогны хэмнэлтийг дэмждэг гэхчлэн байгаль орчинд ээлтэй барилгаас байр, байшин худалдан авдаг болж байна. Энэ нь Австралийн барилгын салбарын ногоон шошгожуулалын стандартууд, үнэлгээний схемүүдтэй шууд хамааралтай. 

Тухайлбал, Ногоон Од буюу Зургаан Од хөтөлбөр нь барилгуудад 1-6 оноогоор үнэлгээ хийж, 4-6 оноо авсан үе Од өгдөг ба хэдэн одтой барилга гэдгээс хамаарч байгаль орчинд ээлтэй гэдгийг нотолно. Төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, хэрэглэгчид нь талархан хүлээж авч, энэхүү сайн дурын хөтөлбөрийг сайшаадаг, дэмждэг. Австралид аудит хийгээд явж байхад, энэ системийн шаардлагыг хангаснаараа бахархан танилцуулж буй барилгын компаниуд олон таарч байлээ. Австрали улсын хуулийн шаардлага хангах нь минимум шаардлага бөгөөд түүн дээр нэмэлтээр ийм сайн туршлагын стандартууд хэрэгжүүлснээ нотолж, барилгын төслийнхөө шошгоор өрсөлддөг. 



Нийт 100 онооны шаардлагаас 70 оноо авбал 6 одтой гэж үзэж, дэлхийд манлайлсан байгууллага гэж хүлээн зөвшөөрнө. 35 оноо авбал 5 одтой гэж үзэж, Австралийн сайн туршлага байгууллага гэж зөвшөөрнө. 15 оноо авбал 4 одтой гэж үзэж, Сайн туршлагатай байгууллага гэж зэрэглэнэ. 
Онооны шалгуурыг нь харвал хэт өндөр биш. Шинээр сайн туршлагыг хэвшүүлж, салбарын бүх байгууллага элсэн ороход хялбар, эхний ээлжинд хөнгөх байлгах, яваандаа түвшин ахих тусам яван чангардаг байхаар тооцож шалгуураа тавьсан нь хэрэгжилтэнд эерэг нөлөө үзүүлсэн байна. Хэрэв анхнаасаан 70 оноо авч байж шошго аваарай гэвэл тэр шалгуураас шантраад, шошго авах байгууллага олдохгүй болно гэсэн үг. Салбарын судалгаа хийж, дата анализ хийж байгаад 10, 20 жилийн дараа нийт байгууллагуудын чадавхи сайжраад ирвэл онооны шкалаа бага багаар нэмээд явна. 




Австралийн эко шошгоны сүлжээний үүргийг GECA байгууллага гүйцэтгэдэг. Энд Австралийн бүхий л эко шошгоны стандарт боловсруулж, шошго олгодог байгууллагууд гишүүнчлэлтэй. Эко шошго бол зөвхөн байгаль орчинд биш, хүний аюулгүй байдал, эрүүл мэнд, улс орны эдийн засгийн өсөлт хөгжилтөнд ч чухал нөлөөтэй гэдгийг эдгээр байгууллагууд таниулдаг. Австрали Улсын шинэ тутам эдгээр стандарт нь дэлхийн сайн жишгийг дагаж, төрийн байгууллагаас хараат бусаар ажилладаг. Салбарын мэргэжилтнүүд нь байгаль орчны мэргэжилтнүүд, мэргэжлийн байгууллагуудтай хамтран стандартаа боловсруулж ашигладаг тул иргэний нийгмийн оролцоог харуулдаг сонгодог зах зээлийн эдийн засагтай орны шийдэл юм. Төр бол эдгээр шинэ стандартын хөгжүүлэлтийг дэмжиж, эдгээр стандартаар баталгаажсан байгууллага, төсөл, бүтээгдэхүүн, үйлчилгээг хуулийн шаардлагыг хангасан гэж үздэг байна. 



GECA байгууллагаас олгодог шошгуудын жишээ: 'Дахин боловсруулсан материал агуулсан' гэх нэг шошго, 'агаар бохирдуулдаггүй' гэх нэг шошго, 'хог хаягдлыг багасгасан 'гэх бас нэг байгаль орчны шошго, 'хүний эрүүл мэндэд хоргүй' гэх шошго. Энэ мэтчилэн, аль нэг шалгуурыг хангасан тухай бүрт шошго олгож байгаа нь шилжилт хийж буй байгууллагуудад ойр дөхөм, үе шаттайгаар сайжрах боломжийг олгодог. GECA-н стандарт ихэвчлэн барилгын компаниудад нийлүүлэх барилгын материалын байгаль орчинд ээлтэй эсэхт магадлагаа & нотолгооны  төрлийн аудит хийж, баталгаажуулж өгөх байдлаар хэрэгждэг. 

Энэ мэтчилэн тухайн нэг шаардлага бүртээ сайн үр дүн гаргаснаар жижиг шошгууд цуглуулж болдог тул манай улс шиг хөгжиж буй түвшинд сайн туршлага байна. Нэг дор бүх гүйцэтгэлийг төгс болгож чадах байгууллага байхгүй. Шат дараатайгаар байгууллагуудаа сургаж, үйлдвэр үйлчилгээгээ сайжруулах боломжийг харж, эко шошгоны бодлого нь дор хаяж 10 жилээр, цаашлаад 30, 50 жилийн тасралтгүй бодлоготойгоор хэрэгждэг байна. Бидний өндөр хөгжилд хүрч, иргэндээ ээлтэйг нь гайхдаг улс орнууд эртнээс л ийм бодлого төлөвлөлттэйгөөр, тэгэхдээ бодлогын залгамж халааг тасалдуулалгүйгээр хэрэгжүүлсээр ирсэн учир өнөөдөр бидэнд үр дүн нь амьдралын чанар болон илт харагддаг. 



2] Хүнсний худалдаа

Арай өөр салбарын туршлага гэвэл Хүнсний бүтээгдэхүүний сүлжээ супермаркет болох Woolworths. Энэ нь Австралийн цөөхөн том сүлжээнүүдийн нэг бөгөөд тогтвортой байдлыг дэмждэгээрээ нэр хүндтэй. Тэрээр GECA-н гишүүн бөгөөд хүнсний бүтээгдэхүүн, жимс ногоо, халуун хүйтэн хоол хүнс нийлүүлдэг байгууллагууддаа өөрийн дэлгүүрийн эко үйл ажиллагааны шаардлагыг тавьдаг, нийлүүлэгчиддээ ханган нийлүүлэлтийн сүлжээний 2 дагч талын аудитыг гүйцэтгэж, шалгуур хангасан байгууллага хувь хүнийг дэлгүүрт бүтээгдэхүүн нийлүүлэх эрхийг өгдөг. Энэ нь арилжааны журмаар, эко шошгыг эргэлтэнд оруулж, тариаланч, малчид, фермүүд болон хүнс үйлдвэрлэгч, хадгалагч, тээвэрлэгч бүхий л талуудад эергээр нөлөөлж, манлайлдаг. 


Woolworths-н дэлгүүрээр ороход Эко & Органик шошготой бүтээгдэхүүн олон тааралдана. Тэд бусад бүтээгдэхүүнтэй адил үнэтэй учир хэрэглэгчид аль болох эко, органик, экологийн цэвэр, тог усны хэмнэлттэй гэх мэт шошгыг нь харж худалдан авалт хийдэг. Улмаар байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаатай нь шошгоор нотлогдоогүй л бол хэрэглэгчид худалдан авдаггүй болж, зах зээлд эрүүл шахалт үүсч байгаа хэлбэр юм. 

Энэ сайн туршлагаас нь үүдэж миний бие гэхэд зөвхөн энэ дэлгүүрээр үйлчлүүлдэг. 
* Хүнсний бүтээгдэхүүний хувьд эко шошгыг Органик гэж нэрлэдэг. Улс орнуудын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яам нь илүү үүрэг оролцоотой хэрэгжүүлдэг. Хүнсний бус салбарт Эко шошго гэж нэрлэгдэнэ, Байгаль Орчны Яам нь дэмжиж оролцоно. Хүнс өөрөө өндөр эрсдэлтэй тусгай салбар учир тусад нь авч үздэг. 

Жишээ 1: Банана ба бэрри жимсний йогурт RedCycle гэх стандарт тогтоож, баталгаажуулалт хийдэг байгууллагын шалгуурыг хангаж, дахин боловсруулагдах материал ашигласан шошготой. 


Жишээ 2: Хатаасан ногоо ба тахианы шөл, ногооны шөлний бэлдцүүд нь нарны эрчим хүч ашигладаг үйлдвэрт боловсруулагдсан гэдэг шошготой. Сэргээгдэх эрчим хүч ашигласан. 

За, энэ сайн сайхан туршлагыг Монгол Улсдаа оруулж ирэхээр миний бие ТоС Холбоо (www.toc.mn), Пипл-Ин-Нийд, Каритас Чех Репаблик, Хөгжлийн шийдэл байгууллагуудын хамтран хэрэгжүүлж буй, Европын Холбооны санхүүжилттэй "Эдийн Засгийн Ногоон Шилжилт" төсөлд ажиллаж байна. Европын Холбооны байгаль орчин, тогтвортой хөгжлийн төлөөх туршлагыг Азийн орнуудад түгээж, "ногоон" товчлуурыг дарж, машиныг асаах гэсэн утгатай англи үг нь "Switching on the Green Economy" (SOGE).

Бид саяхан 2016-2022 оны шинэхэн ISO 14020, 14021, 14024, 14025 стандартуудыг орчуулсан, энэ жилдээ СХЗГ-т хэлэлцүүлж, үндэсний стандарт болгон батлуулахаар ажиллаж байна. Манай төсөл мөн хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарын эко үйл ажиллагааг шошгожуулах, баталгаа ба нотолгоо (верификаци, валидаци)-ны үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэж байна. 

Тун удахгүй ХБНГУ руу бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид, хүнсний худалдааны байгууллагууд болон төрийн байгууллагуудын хамт туршлага судлах аялал хийж, эдгээр эко шошгоны стандарт боловсруулдаг, шошго олгодог байгууллагууд болон шошго авсан байгууллагуудын бодит туршлагатай танилцуулна. Эдгээр байгууллагууд цаашид эко шошгоны талаар зөвлөх үйлчилгээ авах, баталгаа & нотолгооны аудит хийлгэж шошго авах, ногоон зээлэнд холбогдох боломж үүсэх юм. Зөвхөн Германы аялалд явсан гэлгүй, хүнс үйлдвэрлэлийн зорилтот сегментийн бүх л айгууллагад энэ боломж нээлттэй. Бид тухайн үед нь зар хүргэж, энэхүү стандартын зөвлөгөө, сургалт, баталгаажуулалт, ногоон зээлийн үйлчилгээнд холбох ажлыг хийнэ. 

Бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид болоод цаашид эко шошгыг дэмжин хэрэгжүүлж, баталгаажуулалт хийлгэн ажиллах томоохон байгууллагууд ч одооноос энэ стандартуудыг сурч судалж, хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Цаашлаад МУ-н барилгын салбарт Австралийнхтай төстэй эко шошгоны стандарт боловсруулагдаж, удахгүй хэрэглээнд орох гэж буй юм билээ. 

Бид төрийн байгууллагууд, салбарын байгууллагуудтай хамтраад эдгээр арга аргачлалыг МУ-даа хүртээмжтэй болгохоор хичээн ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Чадах мэдэх бүхнээрээ эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах, бодлого дүрэм журам стандартын орчинд эергээр нөлөөлөх нь бидний үүрэг юм.  

Б.Оюунтөгс
2024.03.13

Comments

Popular posts from this blog

ESG (Environment, Social and Governance) -н тухай

ХАБЭМ-н удирдлагын тогтолцооны үр дүнтэй хэрэгжилтэнд компанийн соёлын үзүүлэх нөлөө, түүнийг үр дүнтэй удирдах арга зам

ISO стандарт хэрэгжүүлж байгаа үед Гүйцэтгэлийг үнэлэх хэмжих үзүүлэлтээ хэрхэн тодорхойлох вэ?