ISO стандарт хэрэгжүүлж байгаа үед Гүйцэтгэлийг үнэлэх хэмжих үзүүлэлтээ хэрхэн тодорхойлох вэ?

ISO9001, ISO45001 гэх зэрэг стандартын 9.1-г хэрэгжүүлэхийн тулд ямар дарааллаар, юу хийх ёстой вэ? гэж нэг сурагч маань асууж байсан юм. Хариуг блогтоо оруулах гээд амжилгүй явсаар удаачихлаа. Гэхдээ, эхний нийтлэл оруулъя. Дараа нь үлдсэн 3 сэдвийг тусад нь танилцуулах болно оо. Хэрэгтэй мэдээлэл өгнө гэж найдаж байна. 


ОРШИЛ. ГҮЙЦЭТГЭЛ ХЭМЖИХ ТУХАЙ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА - ISO СТАНДАРТААР

ISO9001 болон бусад менежментийн стандартыг нэвтрүүлж байгаа байгууллагад нийтлэг ажиглагддаг нэг дутагдал бол Гүйцэтгэлийн хэмжих үзүүлэлтээ эрсдэлтэй цэгийн хяналттайгаа уялдуулдаггүй, процесстойгоо уялдуулдаггүй, эсвэл ямар үр дүнд хүрэх зорилгоор хэмжиж, хянах гэж буйгаа урьдчилан төлөвлөхгүйгээр KPI, MPI, KRI үзүүлэлтүүд тодорхойлсон байдаг. 

Үүний уршиг нь, 

1-рт бодит амьдралд хэзээ ч ашиглагддаггүй хэмжих үзүүлэлттэй болох, 

2-рт хэмжээд үнэлсэн ч үр дүнг нь юунд ашиглах, системийг сайжруулахад яг хаана нь хэрхэн ашиглахаа мэдэхгүй байх явдал. 

Ердөөс менежментийн систем гэдэг бол "Хүн нэг толгойтой, хоёр хөлтэй, хоёр гартай, нэг цээжтэй, нэг хүзүүтэй байдаг" адилаар "Байгууллагын удирдлага, функциуд, ажилтнууд, тэдний ажлын арга барил, дүрэм журам, ашигладаг хэрэгсэл, ажилладаг орчин нь бүгд хоорондоо уялдаа хамааралтай, бие биедээ харилцан нөлөөлж байдаг, эрхтэн систем бүхий хүн шиг элементүүдийн цогц" юм. Хүний шүд өвдвөл, ходоод өвдөнө, хоолой өвдвөл толгой өвдөнө, хөлөөрөө халтирч унасан ч гар ба толгой гэмтэнэ, гэхтэй адил. Байгууллагын удирдлагын арга барилд алдаа гарах, удирдлагын бодож төлөвлөж буй нь хэлтэс нэгжүүддээ зөв үүрэг болж очихгүй байх нь хүнтэй зүйрлэбэл толгой нь нэг зүйл бодож байхад гар нь өөр ажил хийгээд яваад байхтай дүйцнэ. 

Иймээс, аливаа байгууллагыг нэг цогц гэж хардаг, түүнд оролцдог чухал талууд, тэдний үүрэг, оролцоо, хэн нь юуг шийдэж байх, хэн нь юуг мэдээлж байх, хэрхэн бүх үйл ажиллагаа нь толгойн хүсээд байгаа үр дүнд чиглэх вэ, зэргийг Менежментийн чиглэлийн эрдэмтэд СТАНДАРТ болгон нэгтгэж, цэгцтэй заавар болгосон нь эдгээр ISO9001, ISO45001, ISO14001, ISO22000, FSSC22000, ISO37001, ISO29001, ISO50001, ISO55001 гэх зэрэг стандартууд юм. Стандартыг ямар ч төрлийн үйл ажиллагаатай, ямар ч хэмжээтэй, ямар ч өөр орны байгууллага өөрийн онцлогт тохируулан хэрэглэж болдог, нийтлэг заалттай учир давуу талтай. Стандартын шаардлагыг зөрчихгүй байх ёстой ба харин хэрхэн хэрэгжүүлэх арга замаа байгууллага өөрөө сонгодог. Ийм ч учраас олон улсын менежментийн стандартыг монголилно гэдэг ойлголт байж болохгүй. Угаасаа аль ч улсад, аль ч байгууллагад, өөртөө тохируулаад хэрэглэж болохуйц ерөнхий стандарт учраас. 

Стандартыг хэрэгжүүлэхэд нийтлэг баримталдаг зарчим нь аливаа ажлыг төлөвлөж, төлөвлөснөө хэрэгжүүлж, хэрэгжүүлж байгаадаа үнэлгээ хийж, үнэлгээний үр дүнд үндэслэн ажлаа сайжруулж байх ёстой гэсэн хандлага. Үүнийг Демингийн цикл буюу PDCA (Plan - Do - Check - Act) загвар гэнэ. Стандарт нэвтрүүлж буй байгууллагуудад илүү ойлгомжтой байдаг учраас Төлөвлөх, Хэрэгжүүлэх шатанд ямар ч байгууллага яаж ийгээд хүрч чаддаг. Харин хэрэгжилтээ Үнэлэх үе шат руу ороод ирэхээр л тодорхой арга хэрэгсэл нь бүрэн бэлтгэгдээгүй, арга зүйгээ олоогүйн улмаас үр дүнгүй үнэлгээ хийх, эсвэл бүр хийхгүй орхих хандлага их. Ихэнхи зөвлөх үйлчилгээний байгууллагууд Төлөвлөх үе шатанд ажиллаж, баримт бичиг боловсруулж өгөөд гэрээт ажил дуустагтай холбоотой байж болно. Зарим зөвлөх байгууллагууд тогтолцоог Төлөвлөх - Хэрэгжүүлэх шатанд зөвлөгөө өгдөг, гэрээний хугацаа дуусдаг. Гэтэл менежментийн системийг загварчлан бий болгоод, түүнийгээ туршиж, шалгаж, сайжруулна гэдэг нь онолын хувьд дор хаяж 3 жилийн тасралтгүй цикл байдаг. Харин байгууллагууд ийнхүү урт хугацаанд зөвлөхтэй хамтраад байж чаддаггүй тул ихэвчлэн 1 жил хүртэл хугацаанд хамтран ажиллаад, Үнэлэх үе шатнаас эхлээд заавар чиглүүлэггүй болж, энэ ажил орхигдох нь элбэг ажиглагддаг. Иймд, 4 удаагийн цуврал бичлэгээр дараах зарим арга зүйг танилцуулъя. 

1. Тогтолцоог ХЭМЖИХ (measure) буюу хэмжих үзүүлэлт боловсруулах. 

2. Тогтолцоог ХЯНАХ (monitor) буюу хянах цэгээ тодорхойлох. 

3. Тогтолцоог ДҮГНЭН ШИНЖЛЭХ (analyse) буюу үр нөлөөтэй байдлын түвшинг тодорхойлох. 

4. Тогтолцоог ҮНЭЛЭХ буюу гажуудалтай механизмыг илрүүлж, засварлах. 

Энэ 4 үе шатыг ISO стандартын 9.1-р бүлэгт шаарддаг. "Мониторинг, хэмжилт, анализ, үнэлгээ" гэсэн дөрвөн үйл үг орсон шаардлага бүлэг нь уншихад товчхон боловч, хэрэгжүүлэхэд хоорондоо уялдаа холбоотой, сайн төлөвлөгдсөн, бэлтгэгдсэн маш цогц процессуудыг шаарддаг. Ихэнхи байгууллага энэ 4 үг тус бүр ардаа цогц ажил болно гэдгийг ойлгодоггүй тул ихэвчлэн огт хэрэгжүүлэхгүй орхих, эсвэл хольж ойлгосон байх, эсвэл аль нэгийг нь хийж байгаагаа дөрвүүлэнг нь хэрэгжүүлсэн гэж ойлгосон байх тохиолдол байдаг. Иймд, эхний постоороо ХЭМЖИХ буюу эхний алхмыг нь хэрхэн хийх талаар товчхон тайлбарлая. 


НЭГ. ГҮЙЦЭТГЭЛИЙН ХЭМЖИХ ҮЗҮҮЛЭЛТ ТОДОРХОЙЛОХ, ХЭМЖИХ (ISO9001 etc., clause 9.1.1)


- Хэмжих үзүүлэлт тодорхойлохоос өмнө Байгууллагын Стратеги буюу урт хугацааны зорилгоо тодорхой болго. Хамгийн түгээмэл арга зүй болох Тэнцвэржүүлсэн Үнэлгээний Карт, SMART Зорилго тодорхойлох арга, OKR (Зорилго ба түлхүүр үр дүн тодорхойлох), MBO (Зорилгоор удирдах), WIG (зэрлэг чухал ба онц чухал зорилгууд тодорхойлох) зэргээс ашиглаж болно. 

Хэрэв та урт хугацаанд ямар зорилгод хүрэх гэж байгаагаа мэдэхгүй байгаа бол KPI руу ороход хэтэрхий эрт байна. 

- Хэмжих үзүүлэлт тодорхойлоход баримтлах Зургаан процесс бий. Үүнд: 

1/ Хүрэх үр дүнг тодорхойл.

Утга учиртай хэмжилт хийхийн тулд зорьж буй үр дүн нь тодорхой байх ёстой. Стратеги өөрөө идеал шинжтэй /хийсвэр төсөөлөл/ байдаг бол хэмжилт харин илүү бодитой, тодорхой, хэрэгжихүйц, цаг хугацаатай, хариуцах эзэнтэй, хийх алхам нь тодорхой, хэмжсэн үр дүнг юунд хэрэглэх нь тодорхой байх ёстой болно.

* Чанарын удирдлага талаас авч үзвэл, зарим ажилтан Чанар гэдгийг бүтээгдэхүүний техник үзүүлэлт хангагдах гэж ойлгож байхад, зарим ажилтан Хэрэглэгч сэтгэл ханамжай байх, гэж үздэг. Тэгвэл танай байгууллагын хувьд, тухайн нэг технологийн горим, стандарт хэмжээнд нийцсэн бүтээгдэхүүнийг л цаг хугацааны туршид техник алдаагүйгээр үйлдвэрлэх нь чухал уу, эсвэл хэрэглэгчийн өөрчлөгдөж буй хэрэгцээнд нийцсэн, шинэлэг дизайнтай, өөр өөр бүтээгдэхүүн байнга гаргаж байх нь чухал уу, гэдгийг эхлээд тодорхой болгох хэрэгтэй болно. 

* Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал (ХЭМАБ) талаас авч үзвэл, Аюулгүй байдал гэдэг нь осолгүй ажилласан цаг, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн тоо, бэртэл гэмтлийн тоо гэх зэрэг араас нь мөшгидөг үзүүлэлт чухал уу, эсвэл Аюулгүй байдал гэдэг нь бууруулсан эрсдэлийн тоо, сургасан ажилтны тоо, хяналтаар илрүүлсэн аюулын тоо, устгаж мэдээлсэн аюулын тоо гэх зэрэг урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үзүүлэлт чухал уу, гэдгийг тодорхойлох хэрэгтэй. 

* Байгаль орчин талаас авч үзвэл, танай байгууллагын Байгаль орчны асуудал гэдэг нь танай яндангаас гарч буй хийний хорт чанарын түвшин буурахгүй/ихсэж байгааг хэлэх үү, эсвэл хорт хийн агууламж хэдий бага ч гэсэн эргэн тойрны агаар мандал, хөрс, ус, ургамал, амьтанд нөлөөлсөн байгаа үр дүнг хэлэх үү, гэдгийг тодорхойлох нь. 

Дүгнэвэл, "Танай чанарыг сэтгэл ханамжтай хэрэглэгч тодорхойлох уу, эсвэл өөртөө стандарт тогтоосон та өөрөө тодорхойлох уу?", "Танай ХЭМАБ-н ажлын үр дүнг, осолгүй гэж цаасан дээр бүртгэсэн тоо тодорхойлох уу, эсвэл эрүүл мэндийн үзлэгээр өвчлөлгүй байгаа эрүүл ажилтан тодорхойлох уу?", "Танай Байгаль орчны ажлын үр дүнг, хорт утааны агууламж хяналтанд байгаа гэсэн цаасан тайлан илэрхийлэх үү, эсвэл эргэн тойрны хөрш айлын хүмүүс, амьтад, ургамлын нөмрөг, хөрс, ус, агаарын агуулга илэрхийлэх үү?" гэсэн үг юм. Та алийг нь хэмжих гэж байгаагаас хамаарч, хэмжих аргаа сонгоно. 

2/ Хүрэхийг зорьсон үр дүндээ хүрч буй эсэхийг хэмжих ямар аргууд байгааг судал. Юунд хүрэх гэж байгаагаа тодорхойлсон бол одоо тэр үр дүнд хүрч байгаа явцаа хэрхэн хэмжих вэ? 

- Юуны түрүүнд, "Үр дүнд хүрсэн эсэхээ шууд хэмжиж болох уу?" гэдэг асуултыг өөрөөсөө асуу. Зорьсон үр дүн бий болсон эсэхийг нэг удаа хэмжихэд болох уу, эсвэл шат дараатайгаар хэд хэдэн удаа хэмжих үү? 

- Хэрэв үр дүнг шууд хэмжих боломжгүй бол хэмжигдэхүйц дэд хэсгүүдэд хуваа. Дэд хэсэг тус бүрт таамаглал дэвшүүлж, үзүүлэлт хоорондын харилцан хамаарал буюу корреляци, регрессийг харгалзан, хэмжих аргаа тодорхойл. Логик модель, шалтгаан-үр нөлөөний анализ, процессын урсгалын анализ зэрэг нь хэмжигдэхүйц дэд хэсгүүдийг тодорхойлоход ашигладаг гурван үндсэн аргачлал юм. 

* Дараах жишээг харна уу. Байгууллагын удирдлагаас ISO төсөл хэрэгжүүлсний үр өгөөжийг хүлээж байна. Тэгвэл, тэдний оруулсан хөрөнгө оруулалтын үр ашгийг эргэн тайлагнахын тулд ISO Менежер нь Оролт, Процесс, Гаралт, Үр дүн тус бүрийг ямар шалгуураар хэмжих гэж буйг тодорхойлон, түүнээс улбаалж, хэмжих үзүүлэлтээ нарийвчлан тогтоож болно. 



3/ Хэмжих үзүүлэлтээ Зорилго тус бүрээр тодорхойлох.

ISO менежментийн системийн стандартууд нь байгууллагын стратегийн удирдлага бус, үйл ажиллагааны удирдлагын хэсэг болж явдаг. Гэхдээ, үйл ажиллагаа гэдэг зүйл өөрөө бүхэлдээ стратегийн удирдлагын шүхэр дор, стратегийн үр дүнд чиглэсэн байдалтай байх ёстойг стандарт шаарддаг. Иймд, Зорилго тус бүрийг хэмжихийн тулд байгууллагын Стратегийн гүйцэтгэл сайжирч байна уу, муужирч байна уу, эсвэл ямар нэг өөрчлөлтгүй өмнөхийн адил түвшинд байсаар байна уу, гэдгийг хэмжихийн тулд хэмжих индикаторуудаа сонгоно. Ингэхдээ хэмжих үзүүлэлтүүд утга учиртай дата боловсруулан авч болохуйц байна уу, тохиромжтой аргаар хэмжилтийн үр дүнг хянан баталгаажуулж, үнэн зөвийг нь шалгаж болохоор байна уу, гэдгийг анхаараарай. Үүнийг мэдэхийн тулд та хэмжих үзүүлэлтүүдээ ноороглосны дараа, өөрөөсөө дараах асуултуудыг асуугаад үзээрэй. 

- Байгууллагын нийт гүйцэтгэл стратегийн зорилгыг биелүүлж байна уу, гэдэгт энэ хэмжилт хариу өгч байна уу?  

- Илүү сайжруулсан стратегийн шийдвэрүүдийг гаргахад хэрэгтэй мэдээллээр хангаж байна уу? 

- Зорьсон зүйлээ хэмжсэн бөгөөд хэмжилтийн үр дүн нь найдвартай, үнэн зөв, баталгаажсан байна уу? 

-  Ажилчдын зан хандлагыг хүссэн түвшинд хүргэж сайжруулахыг дэмжихүйц хэмжих үзүүлэлт мөн үү? Зөвхөн осол, алдаа, гологдол гарсаны дараах тоотой хөөцөлдөөд байгаа юм биш биз? 

- Шаардлагагүй олон дата цуглуулахаас сэргийлж байна уу? Хүсээгүй үр дүнд хүргэхүйц хүндрэл, чирэгдэл, илүүц процесс шаардаагүй биз? 

4/ Нэгдмэл индексүүд гарга. 

Хэмжих үзүүлэлтийг тус бүрт нь нарийн тодорхойлсон бол одоо тэдгээрийг багцлан, нарийвчилсан дүн шинжилгээ хийхэд ашиглах үнэ цэнэтэй мэдээлэл болгон хувирга. Үүний тулд, хэмжихээр сонгосон үзүүлэлт тус бүрийг тайлагнахад утга учиртай дүгнэлт гарган авч болохооргүй цогц асуудалд ашиглах хэмжих үзүүлэлтүүдийг нэгтгэн, нэг гарчиг өг гэсэн үг. 

Тухайлбал, та байгууллагынхаа сургалтын функци ISO9001 стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхийг мэдэхийн тулд зөвхөн ур чадварын үнэлгээний үр дүнг тооцон гаргах нь хангалтгүй. Харин, дараах үзүүлэлтүүдийг багцаар нь харах хэрэгтэй. Тухайлбал, дараах бүх хэмжих үзүүлэлтүүдийг нэгтгэн, үзүүлэлт тус бүрийн үр дүнг бусадтай нь харьцуулан анализ хийвэл Сургалтын функцийн хаана нь алдаа байна, хаана нь аль процесс нь сайн үр дүнтэй байгааг цогцоор нь харж чадна: 

* Ур чадварын үнэлгээ хийлгэсэн ажлын байрны тоо

* Ажлын байр тус бүрийн ур чадварын шаардлагад нийцэж буй ажилтны тоо, нийцлийн дундаж хувь

* Ур чадварын шаардлага ба ажилтны одоогийн ур чадварын түвшин 2-ын зөрүүг арилгахаар төлөвлөсөн сургалтын төрлийн тоо, давтамж, үргэлжлэх хугацаа буюу нийт сургалтын хүн цагийн тоо

* Сургалтын төлөвлөгөөний дагуу өгсөн сургалтын тоо, үргэлжилсэн нийт хугацаа буюу сургалт хийсэн хүн цагийн тоо, сургалтанд хамрагдсан ажилтнуудын ирцийн хувьд, шалгалтанд тэнцсэн хувь, сургалтын сэтгэл ханамжийн судалгаагаар өгсөн үнэлгээний дундаж үр дүн /хувиар/, сургалтын зохион байгуулалтын хувьд онолын ба бодит дадлагад суурилсан хөтөлбөрийн харьцаа /хувиар/, дадлага хийж үзсэн ажилтны тоо /хувиар/

* Сургалтын дараа ур чадвар нь дээшилсэн ажилтны тоо /хувиар/, сургалтын дараа ажилчдын зан үйл сайжирсан хувь, удирдах ажилтны манлайллын арга барил сайжирсан хувь, ажилтнуудын багийн ажлын гүйцэтгэл сайжирсан хувь, ажилтнуудын гаргадаг байсан алдаа дутагдал буурсан хувь, гэх зэрэг. 

5/ Зорилт тогтоож, гүйцэтгэлд хүлээн зөвшөөрөх доод ба дээд хязгаарыг тодорхойл. 

- Хүсч буй үр дүнгээ тодорхойлж, түүнийг хэмжих аргаа тогтоод, хэмжих үзүүлэлтээ нарийвчлан гаргасан, мөн түүнээс гарсан датаг хэрхэн үнэ цэнэтэй мэдээлэл болгон багцалж ашиглах талаараа мэдэж авлаа. Тэгвэл одоо та тэрхүү багцлан гаргасан хэмжилтийн үр дүнгүүд нь танай байгууллагад Сайн гүйцэтгэлтэй гэсэн утга уу, эсвэл Муу гүйцэтгэлтэй байна гэсэн утга уу, гэдгийг тодорхойлох аргаа шийднэ. 

- Өөрөөр хэлбэл, ямар ч үр дүн гарч ирсэн байлаа гэсэн, танай өмнөө тавьсан зорилготой л тэдгээр нь харьцуулагдах ёстой. Тодорхой тайлангийн хугацааны интервалыг сонгож, тухайн хугацааны төгсгөл гэхэд хүрсэн байхыг хүсч буй гүйцэтгэлийн түвшин, хамгийг дээд ба доод үзүүлэлтийн лимитийг тодорхойлоорой. 

* Тухайлбал, "2020 оны 9-12 сард манай байгууллага нийт 5 удаагийн сургалтаар 150 ажилтнаа Багийн ажиллагаа, Эерэг харилцаа, Соёлтой үйлчилгээний сургалтанд суулгаж, харилцагчдын сэтгэл ханамжийн түвшинг 50 хувиар нэмэгдүүлнэ, хэрэглэгчээс ирдэг гомдлын тоог 50 хувиар бууруулна" гэж зорьж болох юм. Тэгвэл та хэмжилт хийсний дараа, "5 удаагийн сургалт явуулах байснаас 3 нь хийгдсэн, 150 ажилтан амжаагүй тул 100 ажилтан хамрагдсан, харилцагчийн сэтгэл ханамжийн түвшин өмнөх улирлаас нэмэгдээгүй, гомдлын тоо багасаагүй харин ихэссэн" гэсэн дата гаргаж авсан бол, системд өгөх үнэлгээ сайн уу, муу юу? 

* Энэ жишгээр, одоогийн гүйцэтгэлийн түвшин тань хүлээн зөвшөөрөгдөх доод хязгаар, дээд хязгаар дотор байна уу, хүссэн үр дүндээ хүрч байна уу, гэдгийг дараах дүрстэй адилаар нэг графикт харьцуулан харж болно. 


* Эндээс Сургалтын функци зөв ажилласан бол сургалтын үр нөлөө нь сайжирсан эсэх трэнд харагдана. Тэр нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшин дээшилсэн эсэх хувь, хэрэглэгчээс ирдэг гомдлын тоо буурсан эсэх хэмжих үзүүлэлтээр илэрхийлэгдэнэ. Мөн гүйцэтгэл өөрөө хүлээн зөвшөөрөгдөх лимит дотроо байна уу, зорилтдоо хүрч байна уу, гэдгийг харж чадна. 

6/ Сонгосон гүйцэтгэлийн хэмжих үзүүлэлтийг баримтжуулж, батал. 

Одоо хэмжих үзүүлэлт, хэмжих арга, юуг хэмжих, ямар үр дүнг хэмжих нь тодорхой болсон тул дараагийн шатанд, тодорхойлсон зорилго тус бүрийг биелүүлэх үүрэг хариуцлага хүлээсэн нэгжүүдэд/багуудад өөр өөрийнх нь хариуцах Бүртгэлийг гарган өгөөрэй. Энэ нь ихэвчлэн Гүйцэтгэлийг хэмжсэн датаг бүртгэх хүснэгт хэлбэртэй бөгөөд датагаа оруулмагц, зорилтот түвшинд хүрч байгаа эсэх нь дээрх графикт дүрсээр илэрхийлэгддэг байвал илүү ойлгомжтой. 

Хүснэгтэнд дараах мэдээллийг заавал оруулна: Хэмжилт хийх үндсэн зорилго, юуг хэмжих, ямар шалгууртай харьцуулах, хэн хэмжих, хэмжилтийн нэгж, байршил, ашиглах дата, давтамж, тайлагнах давтамж, тайлангийн хэлбэр, хэнд тайлагнах, хэзээ ямар хэлбэрээр илгээх, хэн хэрхэн шалгах, хэн баталснаар эцсийн хувилбар гэж хүлээн зөвшөөрөх, зорилго биелсэн эсэх түвшин. Дараах хүснэгтийг хөтөлж болох юм: 


- Энэ үе шат бол Хэмжих үзүүлэлтийг тодорхойлж байсан үе шатаас түүнийг хэрэглэх үе шат руу шилжих чухал алхам. 

- Ялангуяа, ISO стандартын дагуу стратегийн зорилго зорилтыг үйл ажиллагааны төлөвлөгөө, гүйцэтгэлтэй уялдуулах гэж буй байгууллагын хувьд, Гурван цагийн хэлхээс гэж нэрлэгддэг дараах төрлийн датаг цуглуулж, тус бүрт нь тохирох хэмжих үзүүлэлт тодорхойлбол зүйтэй байдаг. Үүнд: 

* Өөрийн үйл ажиллагаанд өмнө гарч байсан осол, гологдол, буцаалт, алдааны дата (өнгөрсөн цаг - Lagging indicator):

Өнгөрсөн цагийн датаг ашиглах гэж байгаа хийх эрсдлийн үнэлгээний арга нь Эрдэлийн зэрэг=Хохирол*Давтамж -д суурилсан арга зүй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн гарсан асуудлын тоон дата, мэдээлэл байгаа учир түүний тоонд үндэслэнэ. Гүйцэтгэлийн үзүүлэлт нь өмнө гардаг байсан тэр асуудал, эсвэл өмнө нь сайн байсан тэр ололтын одоогийн түвшинг өнгөрсөнтэй харьцуулж, ирээдүйн хандлагыг таамаглах /трэнд анализ/ зорилгоор сонгогдоно. 

* Одоо гардаг алдаа дутагдал буюу асуудал (одоо цагт - Lagging and leading indicator):

Одоо цагт дата үүсгэн ашиглаж, хяналт тогтоох гэж байгаа бол Эерэг үр дүнд бэлтгэх буюу проактив арга хэмжээ хэрэгжүүлэх зорилготой ажлууддаа Leading indicator буюу асуудал гарахаас өмнө сэргийлж чадаж байгаа эсэхээ хэмжих үзүүлэлт сонгох хэрэгтэй. Харин Сөрөг үр дүнг багасгах зорилготой ажлууддаа, өөрөөр хэлбэл өмнө нь сөрөг үр дүнгүүд гардаг байсан ч бүртгэж баримтжуулаагүй учир тодорхой датагүй тохиолдолд, реактив шинжтэй арга хэмжээ авах ёстой цэг, хийх ёстой ажлаа тодорхойлохын тулд эрсдэлийн үнэлгээгээ Эрдэлийн зэрэг=Хохирол*Магадлал, эсвэл Асуудал=Процессын алхмын тоо*Хохирол гэсэн аргачлалыг ашиглах хэрэгтэй. 

 * Учирч болох эрсдэл (ирээдүйд - Leading indicator):  

Анхны удаа датагаа бүртгэх аргаа тодорхойлж, бүртгэж, хэмжиж, харьцуулж, ямар үзүүлэлт нь хаанаа сайжруулалт хэрэгтэй байгааг тодорхойлсон бол урьдчилан сэргийлэх, илүү сайжруулах ажлуудаа Leading буюу Проактив хэмжих үзүүлэлтээр тодорхойлох шаардлагатай. Үүнд мэдээж, өнгөрсөнд гарсан асуудлын дата ба одоо сайжирч байгаа процессын гүйцэтгэлийг Шалтгаан ба Үр нөлөөний анализын аргаар, мөн дээр нь үр дүнгээ статистик аргаар шалгахын тулд корреляци ба регрессийн шинжилгээг хослуулан ашиглах замаар тооцоолол хийнэ. Энэ шатыг анхны эрсдэлийг үнэлж, тодорхой сайжруулалт хийсний дараа дахин үнэлгээ хийж, үр дүнгээ хэмжих, дутуу зүйл байгаа эсэхийг хэмжих зорилгоор хэрэгжүүлдэг. Хэрэв тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэний дараа асуудлын давтамж буураагүй байвал тухайн асуудлын суурь шалтгааныг олж засаагүй байна гэсэн үг. Иймд, шалтгаан ба үр нөлөөний анализаа дахин хийж, зөв суурь шалтгаанаа олно. 


 Иш таталт: 

1. Хэмжих үзүүлэлт тодорхойлох 6 үе шат (Source). 

2. Чанарын удирдлагыг үр дүнтэй хэрэгжүүлэх заавар - ISO9004 стандарт

3. Эрсдэлийн удирдлагын заавар - ISO31000 стандарт

4. ХЭМАБ-ын удирдлагыг үр дүнтэй хэрэгжүүлэх заавар - ISO45002: 1 (draft)





Comments

  1. Сайхан зүйлүүдийг бичжээ. Энэхүү блогийн дагагч болсоон

    ReplyDelete
  2. Thanks for this post, I am also interested to take this course Nebosh fee in Pakistan , as many of my friends suggested me from Cosmic Institute.

    ReplyDelete
  3. Мэдсэн сурсанаараа улс эх орондоо хувь нэмэр оруулж буй мянга мянган залуусын төлөөлөл шүл

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

ESG (Environment, Social and Governance) -н тухай

ХАБЭМ-н удирдлагын тогтолцооны үр дүнтэй хэрэгжилтэнд компанийн соёлын үзүүлэх нөлөө, түүнийг үр дүнтэй удирдах арга зам