Стандартын төрөл: Олон улсын & Үндэсний, Хувийн, Тэнцвэржүүлсэн

Стандарт гэж юу вэ? 

- Стандарт гэдэг бол чанарын түвшин. 

- Стандарт бол харьцуулсан үнэлгээ хийхэд ашиглаж болдог хэмжих үзүүлэлт, норм, загвар болгон ашиглаж болдог баримт бичиг. 

- Стандарт гэдэг нь хангах ёстой шаардлага ба шаардлагыг нь хангасан тохиолдолд хэвийн гэж тооцогдох үзүүлэлт. 

😊

Стандарт хэдэн төрөл вэ? 

1] Олон улсын стандарт гэх 1-р төрөл. Энэ нь олон улсын стандартчиллын байгууллага (ISO) гэхчлэн олон улс даяар хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагуудаас баталж, серийн дугаар өгч гаргасан стандартууд байна. Хүлээн зөвшөөрөгдөх байдал сайн, учир нь стандартыг боловсруулж батлах техникийн хороонд 170 гаруй орны стандартчиллын байгууллагууд гишүүнээр оролцож, дэлхийн шилдэг сургуулийн доктор профессорууд болон хамааралтай сонирхог талууд санал шүүмж өгсөн байдаг. 

2] Үндэсний стандарт гэх 2-р төрөл. Энэ нь тухайн улс орны стандартчиллын байгууллага (МУ-н хувьд Стандартчилал, хэмжил зүйн газар)-с батлан гаргаж, тухайн орны стандартын нэр дугаар өгсөн стандартууд. МУ-н хувьд үндэсний стандартдаа MNS гэх дугаар өгдөг. Тухайлбал, ISO 9001:2015 гэх олон улсын стандарт монгол хэлнээ хөрвүүлэгдэж, үндэсний стандарт болж батлагдахдаа MNS ISO 9001:2016 болж, урдаа үндэсний стандартын нэр ба төгсгөлдөө тухайн стандарт МУ-д батлагдсан оныг авдаг. Төрийн гол байгууллагаас батлагдсан учир бүх нийтэд ил тод, хүссэн байгууллага, хувь хүмүүс ашиглах боломжтой. 

3] Салбарын буюу хувийн стандарт гэх 3-р төрөл. Олон улсын хувийн стандарт (private standard) нийтлэг ашиглагддаг болоод байна. Энэ нь: 

1-рт, Консорциумын стандарт. Аливаа олон улсын байгууллагатай хамтарсан консорциумын байгууллагууд нэгдэн, улс орондоо хэрэгцээтэй стандартыг боловсруулж байгаа бол консорциумын стандарт хэлбэрээр батлан ашиглах боломжтой байдаг. Стандартыг улс даяар хэрэглэх гэхээс илүү зөвхөн тухайн төсөл хөтөлбөр нь хамтран ажилласан консорциумын байгууллагууд, тэдний хэрэглэгчийн хүрээнд үйлчилж, ашиглагдаж болдог давуу талтай. Дэлхийд танигдсан сайн жишээ нь Global GAP. 

2-рт, Иргэний нийгмийн стандарт. Иргэний нийгмийн байгууллагууд санаачлан, төрийн байгууллагаас баталж гаргахгүй байгаа стандартыг санаачлан боловсруулж, тухайн салбартаа ашиглаж болно. Энэ нь мөн л үндэсний стандартын статус авахгүй, гэхдээ тухайн гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагын гишүүн болохын тулд шаардлагыг нь хангах ёстой болох, эсвэл иргэний нийгмийн байгууллагуудаас төрийн аливаа үйл ажиллагаа нь шаардлага хангасан эсэхт үнэлгээ хийхдээ ашиглах зэргээр нийгмийн төлөө хэрэглэнэ. Сайн жишээ нь Forest Stewardship Council. 

3-рт, хувийн байгууллагын дотоод стандарт. Энэ нь хэрэглэгчдэд үйлчлэх үйлчилгээний соёл, хувцаслалтаа стандартчилах, байгууллагынхаа ёс зүйн кодыг баталж мөрдүүлэх зэрэг олон хэлбэртэй байна. Энэ төрлийн стандартыг салбар даяар хэрэглэхгүй, зөвхөн тухай байгууллага өөртөө, ажилтнууддаа болон хамрах хүрээнээсээ хамаарч, ханган нийлүүлэгчдийнхээ сүлжээнд ашиглана. 

4] Тэнцэвэржүүлсэн стандарт гэж би орчууллаа, олон улсад 'Harmonized Standard' гэж нэрлэгддэг 4 дэх төрлийн стандарт. Энэ нь олон улсын, үндэсний болон хувийн стандартуудаас хэрэгтэй гэж үзсэн шаардлагуудаа авч ашиглаад, хэрэгцээгүй & чухал биш гэж үзсэн шаардлагуудыг нь хасч танаад, хэрэглэгчдэд хамгийн хэрэгцээтэй хувилбарыг гарган авч байгаа стандартыг хэлнэ. 

Тухайлбал, төрийн байгууллагаас баталсан үндэсний стандарт зарим тохиолдолд орчин үеийн үйлдвэрлэлийн техник тоног төхөөрөмж, үсрэнгүй хурдацтай хөгжиж байгаа хиймэл оюун ухааны технологи зэргийг гүйцэн хөгжиж амжихгүй, хоцрогдож байгаа нөхцөлд тухайн байгууллага эсвэл мэргэжлийн холбоод олон улсад хэрэглэгдэж байгаа хамгийн шилдэг стандартуудыг судлан, өөрийн орны нөхцөл байдалд хэрэглэхүйц болгон тохируулж авна. 

Мөн ISO гэх зэрэг байгууллагын баталж мөрдүүлдэг зарим систем нь хүнд суртал үүсгэсэн бизнес хурдацтай хөгжихөд саад болсон заалтуудтай байх нь бий. Жишээ нь, менежментийн тогтолцооны аудит баталгаажуулалт хийх байгууллага нь зөвлөх үйлчилгээ үзүүлдэггүй байх ёстой гэх шаардлагаас болж, олон улсад олон байгууллага зөвлөгөөний үйлчилгээг тусдаа компани, аудитын үйлчилгээг өөр нэг компани болгон задалж ажиллах шаардлагатай болдог. Мөн заавал тогтсон системийн дагуу итгэмжлэл авч ажиллах нь шинэ тутам стандарт, сайн туршлагууд хөгжих боломжийг хязгаарлаж, хүнд суртал бий болгодог тул эдгээр процессыг хөнгөвчлөх боломжийг бий болгож байна. 

Энэ мэт ач холбогдолтой боловч хүнд суртал нь хөгжлийг гацаах, удаах, санаачлагыг унтраах эрсдэлтэй нөхцөл ажиглагдсан тохиолдолд салбарын байгууллагууд тэнцвэржүүлсэн стандарт боловсруулж, уян хатан байдлаар сайн туршлагыг гол хэрэглэгчдэдээ хэрэгжүүлүүлэх боломжтой болдог нь сайшаалтай. Олон улсад ийм төрлийн стандартыг 20 гаруй жилийн өмнөөс Их Британид төвтэй ISEAL Alliance байгууллага санаачлан бий болгож, өдгөө дэлхий даяар гишүүн байгууллагуудтай, өндөр хөгжилтэй орнуудын Засгийн Газрууд үйл ажиллагааных нь зардлын ихэнхи хувийг даадаг, төрийн болон төрийн бус, хувийн болон иргэний нийгмийн байгууллагуудад хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй байгууллага болоод байна. 🙂

ISEAL-н гишүүн болохын тулд итгэмжлэл авахын адил шаардлагууд хангасныг нотолсоноор гишүүн болдог. ISO ба зарим улсын үндэсний стандарт нь итгэмжлэл авахыг хүссэн байгууллагад сургалт зөвлөгөө өгч чаддаггүй, энэ үйл ажиллагааг хориглосон байдаг тул. Харин ISEAL энэ саадыг үгүй хийж, гишүүн нь болохыг хүссэн стандарт боловсруулдаг, сургалт зөвлөгөө өгдөг, аудит баталгаажуулалт хийдэг байгууллагуудыг багаас нь хөгжүүлж, бойжуулан авдагаараа давуу талтай. Энд л тэнцвэржүүлсэн стандартын уян хатан байдал, давуу тал оршиж байгаа юм. 

Одоогоор Австралийн GECA, Их Британийн LEAF,  АНУ-н Rainforest Alliance, Щвейцарийн Swiss Better Gold Assocation, OEKO-TEX зэрэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын байгууллагууд энэ жишгээр салбарын тэнцвэржүүлсэн стандартаа боловсруулан, ISEAL-н гишүүнээр ажилладаг. Эдгээр байгууллагууд нь өөрсдөө салбартаа сайн туршлагын стандартууд боловсруулан хэрэгжүүлж, гишүүддээ сургалт зөвлөгөө өгөх, баталгаажуулалтын үйлчилгээ санал болгох, гэрчилгээ ба шошго олгох, хэрэглэгчдэд стандартын ач холбогдлыг сурталчлах зэрэг бүхий л ажлыг өөрсдөө гүйцэтгэдэг. Нэг газраас стандартаа сурч ойлгож авах, аудитлагдах, нээлттэй мэдээлэл заавар авч байх нь стандартыг хэрэглэгчдэд ажлыг асар их хөнгөвчилж, нээлттэй хүртээмжтэй болгодог.  👍

За, ийм байдлаар зах зээлийн эдийн засагтай нийгмийн үед бүхий л шийдлийг төрийн байгууллагаасаа хүлээн суух биш иргэд, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллага, бизнес консорциум, олон улсын төслүүд хамтран салбарын сайн туршлагаа стандарт болгон хэрэглэх нь сайн туршлага юм. Ийм замаар "Манай төр ийм ажил хийдэггүй, манай улсад ийм стандарт байдаггүй" гэж хүнийг шүүмжлэн хойш суухын оронд иргэний хувьд санаачлага гарган, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг олгодог. Иймд, МУ-д орж ирээгүй стандарт, эсвэл орж ирсэн ч төдийлөн үр дүнтэй хэрэгжихгүй байгаа стандартыг мэддэг байгууллага, хувь хүмүүс байвал та бүхэн санаачлага гарган, салбартаа манлайлж, сайн туршлагуудыг эх орондоо оруулж ирээрэй, шинэ төрлийн стандартуудыг өргөнөөр боловсруулан ашиглаарай гэж уриалъя. 😉

Стандартын салбарт ажиллаж байх хугацаандаа олон салбарын байгууллагууд өөрсдөд хэрэгтэй байгаа стандартаа санаачлан боловсруулж, заримдаа олон улсад байдаг стандартыг орчуулан СХЗГ-т өргөн барьж, батлуулсан сайн туршлагыг харж, хамтран ажиллаж байлаа. Бидний МУ-даа оруулах хувь нэмэр бол бодлогод нөлөөлөх, бодлого дутагдаж байгаа зөрүүг арилгахад гар бие оролцох явдал юм. 

Дашрамд, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Засгийн Газрын Чэвнингийн тэтгэлэгт хөтөлбөрөөр тус улсад суралцаж, байгаль орчин, чанар, аюулгүй байдал, эрүүл мэндийн менежментийн мастерын зэрэг хамгаалах боломж олдсонд үргэлж талархаж явдаг билээ. Олон улсын стандартын хөгжүүлэлтийн өлгий болдог Их Британи улс стандартчиллын салбарт тэргүүлсээр байна. 😉 Британийн Стандартын Институт ( BSI ) байгууллага британийн сайн туршлагын стандартуудыг ISO стандарт болгон батлуулсан байдаг. Одоо Их Британийн ISEAL Alliance байгууллага тэнцвэржүүлсэн стандартын хөгжүүлэлтийг санаачлан хэрэгжүүлж, дэлхийд тэргүүлж байна 👍 Өмнө нь Их Британийн хөдөлмөрийн эрүүл мэндийн OHSAS байгууллагын OHSAS 18001 стандарт дэлхийд өргөн хэрэглэгдэж байсан тул ISO 45001 олон улсын стандарт болж байсан билээ. 


2024.03.01 

Б.Оюунтөгс

Comments

Popular posts from this blog

ESG (Environment, Social and Governance) -н тухай

ХАБЭМ-н удирдлагын тогтолцооны үр дүнтэй хэрэгжилтэнд компанийн соёлын үзүүлэх нөлөө, түүнийг үр дүнтэй удирдах арга зам

ISO стандарт хэрэгжүүлж байгаа үед Гүйцэтгэлийг үнэлэх хэмжих үзүүлэлтээ хэрхэн тодорхойлох вэ?