Онцгой байдлын менежментийн сайн туршлага - ISO 22301, ISO 45001, ISO 14001 стандартуудын дагуу



2021 онд Блогтоо "Онцгой байдалд бэлэн байх" тухай оруулж байсан. Энэ удаа "Онцгой нөхцөл байдалд хариу үзүүлэх" буюу "Онцгой байдлын дараах үйл ажиллагааны тасалдалгүй байдлыг хангах" тухай 2 дэд сэдвийг хүргэж байна.

1) Хариу арга хэмжээ

 
Байгаль орчны менежментийн системийн ISO 14001:2015 стандарт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн менежментийн системийн ISO 45001:2018 стандартуудын 8.2-р бүлэгт энэ талаар шаардлага агуулдаг. Стандартад ингэж дурдсан байдаг: "Байгууллага эрсдэл боломжийн үнэлгээгээр илэрсэн онцгой нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах талаар процессыг тодорхойлж, хэрэгжүүлж, хэвшүүлнэ. 

Ингэхдээ: 
  • a) Төлөвлөсөн дагуу хариу арга хэмжээг газар дээр хэрэгжүүлэх, 
  • b) Оролцох талуудад менежментийн арга зүй, талуудын уялдаж ажиллах хэсэг, мэдээлэл дамжуулалт, баримтжуулалтын шаардлагын талаар сургалт өгөх, 
  • c) Онцгой нөхцөл байдалд хариу үзүүлэх чадавхиа бүс нутаг бүрт үнэлэх, чадавхи хүрэхгүй бол нэмж тусламж дуудах, 
  • d) Онцгой байдалд хариу үзүүлэх төлөвлөгөөгөө өөрчлөн сайжруулах, өмнөх туршлагад суурилан цаг үеийн байдалд тохируулах, 
  • e) Газар дээр ажиллах ажилчдад цагийн хуваарь, ээлж бүхий үүрэг хуваарилж, хамгаалах хувцас хэрэгсэл, дулаацах ба хоргодох, угаах ариутгах боломжоор хангах, 
  • f) орон нутгийн удирдлага, дүүрэг хорооны ажилчид, онцгой байдлын алба хаагчид, эмнэлгийн тусламжийн байгууллага, гэрээт гүйцэтгэгчид, зочдод мэдээлэл өгөх, 
  • g) шаардлагатай талуудыг чадавхид нь таарсан хэмжээгээр ажилд хуваарилах, хамтран ажиллах, оролцуулах. 




BS OHSAS 18004 заавар стандартаар газар дээр явагдах хариу арга хэмжээнд дараах зүйлсийг багтаадаг: 

  • гэмтэж бэртсэн хүмүүст анхны тусламж үзүүлэх, нас барсан иргэдийг хайх, тусгаарлах, оршуулах; 
  • онцгой байдлын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэд, настай иргэд, архаг суурь өвчтэй ажилтнууд, ажлын байранд байсан хэрэглэгч, үйлчлүүлэгч, зочид, орчин тойрны хөршүүд, өнгөрөн явж байсан иргэдийг авран хамгаалах, хэрэгцээт хангамжаар хангах; 
  • онцгой байдлын ажилтнуудад өгөх зааварчилгаа, сургалтын мэдээллүүдийг цаасаар хэвлэн түгээж, ойр орчимд иргэдэд зориулсан зарлан мэдээллийн самбарууд байрлуулж, тоггүй усгүй харилцаа холбоогүй үед ажлын арга аргачлалыг дамжуулах сувгуудыг ажиллуулна;
  • үер ус, гал түймэр, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшгийн үед учирч болох эрсдэлийг урьдчилан үнэлж, эрсдэлийн үнэлгээнд тусгасан дагуу, хамрах хүрээнд багтах газар нутаг ба иргэдийн тоо ихтэй суурьшлын бүсүүдийн хохирлын хэмжээг тооцох, өртсөн байж болох нийт хүний тоог гаргах, бүртгэх, тэр дагуу хүмүүсийг эрэн хайх, аврах, хоргодох байр ба дулаан орчоор хангах, энэ нь байршил тус бүрийн онцлогоос хамааранн өөр өөр байна;
  • онцгой байдалд өртөж байгаа буюу өртсөн газруудын цахилгааны аюулгүй байдлыг хангаж, тоног төхөөрөмжүүдийг аюулгүй унтраах, цаашлаад зөвшөөрөгдсөн мэргэжлийн хүнээс бусад этгээд аливаа цахилгааны хангамж, цахилгаан тоног төхөөрөмжийг асаах, хэрэглэх боломжгүй болгон унтрааж, щитийг цоожлох, зохих пайзаар тэмдэгжүүлэх;
  • галаас хамгаалах байгууламжууд, галын машин ба унтраагуурууд, гал илрүүлэх дохиоллын системүүдийн ажиллагааг шалгаж, дуудлага ирсэн үед хариу үзүүлэх;
  • онцгой байдлын үйлчилгээний тоног төхөөрөмж, хүн хүчний бүртгэлийг хөтлөх, хүчний судалгаа хийж, хүч хүрэхгүй асуудалд дараагийн удаа бэлтгэх хангах; 
  • аливаа барилга байгууламжийн засвар үйлчилгээ, цэвэрлэгээг хийж, нурангийг ухаж зайлуулах;
  • хуулийн дагуу бусад арга хэмжээ. 

Ингэхдээ, тухайн орчны аюулуудыг илрүүлэн, эрсдэлийн үнэлгээ хийж, аюулгүй ажиллагааны мэргэжилтнүүдийг ажиллуулна. Онцгой байдалд менежмент хийх дараах бүрэлдэхүүнтэй багийг ажиллуулна: 
  • Ерөнхий хариуцлага хүлээж, стратегийн шийдвэр гаргах багийн ахлагч; 
  • Хэрэгтэй бодит нөөцийг хариуцан хангах үүрэг бүхий нөөцийн хариуцагч, нөөц бэлтгээгүй байсан бол нөөц цуглуулах, тусламж хандив цуглуулах баг томилогдон ажиллах; 
  • Аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжилтэн, эмч сувилагч, эмнэлгийн тусламж үзүүлэх ажилчид, хүний нөөцийн ажилтан, улаан загалмайн ажилтнууд, хэрэв их хэмжээний халдвар тархах магадлалтай бол лабораторийн мэргэжилтнүүд шинжилгээ авах, ариутгал халдваргүйтгэл хийх;
  • Хэрэв үер ус, гал, газар хөдлөлт болсон бүст тэсрэх дэлбэрэх бодис, аюултай хий болон шингэн химийн бодисууд хадгалагддаг, үйлдвэрлэгддэг байсан бол тэдгээр салбарт мэргэшсэн мэргэжлийн баг ажиллах, асгаралт ба ууршилтыг арилгах, цэвэрлэх; 
  • Мэдээлэл хариуцсан ажилтан, онцгой байдлын газарт болон арын оффист мэдээлэл дамжуулах хүн, хэрэв харилцаа холбоо ажиллахгүй, тог сүлжээгүй болсон бол цаасаар биечлэн тэмдэг тэмдэглэгээ, самбар, мэдээлэл тараах;
  • Хэвлэл мэдээллийн байгууллагад өгөх мэдээллийг хариуцсан төлөөлөгч; 
  • Бүх шийдвэр, шийдэл, үйл хөдлөлийн бүртгэлийг хөтлөх хүн, энэ ажлын протокол нь дараагийн нөхцөлд бэлэн байдлыг сайжруулахад ашиглагддаг. 
Эдгээр ажилчдыг тус бүрийнх нь үүргийг хэрэгжүүлэх чадварт сургаж, дадлагажуулсан байх ёстой ба бэлтгэж амжаагүй бол тус бүрт нь яаралтай сургаж, ялгаатай үүргүүдийг чиг үүргийнх нь дагуу гүйцэтгүүлнэ. 
(Манай Монголд, Стратегийн шийдвэр гаргах гол менежер нь өөрөө хэвлэлийн яриа өгөөд, талбайд зочлоод харагддаг. Шийдвэрээ гаргах, судалгаагаа хийлгэх, бэлэн байдал хангуулах, нөөцийг хуваарилах бүх хүмүүстээ хяналтаа тавьж, зохион байгуулаад завгүй сууж байх ёстой хүн байдаг) 

Өндөр аюултай ажилд дайчлагддаг байгууллагын хувьд, онцгой байдалд хариу үзүүлэхтэй холбоотой 2 өөр журам хэрэгтэй байдаг. Үүнд: 
  1. Газар дээр ажиллах бие бүрэлдэхүүн, туслах ажилчид, сайн дурын ажилчид ба тусламжийн байгууллагуудад зориулсан журам, 
  2. Оффист ажиллаж, удирдлага зохион байгуулалтаар хангах, тооцоо прогноз гаргах, төлөвлөгөө ба тайлан гаргах, сургалт төлөвлөж бэлтгэх ба явуулах ажлуудыг хийх тухай журам. 
Энэ төрлийн  байгууллагад (онцгой байдлын комисс, штаб, байгууллага) 3 үе шатны хариу үзүүлэх баг тусдаа ажиллах нь зүйтэй байдаг: 
  1. Стратегийн хяналт тогтоох дээд түвшний баг;
  2. Тактикийн хяналт тогтоох дунд түвшний баг;
  3. Нөхцөл байдалд очиж ажиллах баг. 
Хэрэв онцгой байдал үүссэн байршилд томоохон дэлбэрэлт үүссэн, гал гарсан, газар хөдөлсөн, аюултай химийн бодис алдагдсан зэрэг асуудал үүссэн бөгөөд онцгой байдлын байгууллага, ажилтнууд тэр бүст багтсан бол хохирсон бүсийн гадна байдаг өөр онцгой байдлын баг удирдлагыг гартаа авна. 

Эрсдэлийн үнэлгээнээс ноцтой цэгүүдэд түрүүлэн анхаарна, үүнд: Онцгой нөхцөлд өөрсдийгөө аварч чадахааргүй талууд, хариу үзүүлэх чадваргүй хэсэг, томхон тоног төхөөрөмжийн нөөцгүйгээр хийж чадахааргүй ажлууд, сургагдаагүй хүмүүс олноор байгаа хэсэг, чухлын зэрэгтэй гэж хөрөнгө оруулалтаар худалдан авсан нөөцүүдийг дайчлан байршуулах, түгээлтэнд хяналт тавих, хамгаалагдсан иргэд ба эд хөрөнгүүдийг бүртгэн тооцох, анхны онцгой байдлын төлөвлөгөөнд юуг тооцож, сургаагүй байсныг үнэлэн, дараагийн төлөвлөлтөнд санал болгон оруулах. 

Эдгээрийг OHSAS 18004 стандартын I.2.4-р бүлэгт дэлгэрэнгүй тусгасан байдаг. Байгууллага ба орон нутгийн удирдлагууд, онцгой байдлын газрууд тус бүрт онцгой байдалд хариу үзүүлэх журамтай байхыг зөвлөдөг.  I.2.5 бүлэгт Онцгой байдлын үйлчилгээ үзүүлэх тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн тухай тусгасан байдаг. 

Үүнд: 

Хувь хүнийг хамгаалах хувцас, хэрэгслүүд, анхны тусламжийн хайрцаг, зөөврийн гал унтраагуур, амьсгалах тоног төхөөрөмж, химийн бодисын асгаралт цэвэрлэх хэрэгслүүд, хими биологи радио цацрагийн аюулуудыг хэмжих тоног төхөөрөмжүүд, харилцаа холбооны хэрэгслүүдийг хангана. 

Онцгой байдал анхны удаа тохиолдсон даруй дахин ийм нөхцөл үүсч болзошгүй байршил, хамрагдах хүмүүс, байгууллагууд, тэдгээрт ашиглагддаг тоног төхөөрөмж, химийн бодис, байгууламжуудын судалгааг гаргаж, дараа нь хэрэглэх нөөцийг төлөвлөнө. Нөөцийг төлөвлөсөн бол онцгой нөхцөл байдал үүссэн даруйд хангахад зориулж, хамгийн ойр байршилд хадгалах ба хангамжийн зүйлсийг хэн хаанаас хэр хэмжээтэйг авах тухай журамлаж бэлдсэн байвал зохино. Тоног төхөөрөмжийг бодит ажлын үеэр яаралтай очиж авах ба бүртгэгчид бүртгүүлнэ. Тэдгээр нөөц бүрэн бүтэн байгаа эсэхт байнгын үзлэг бүртгэл хийж, газар дээр хэрэг болох үед бэлэн байх асуудлыг хариуцна. 



2) Үйл ажиллагааны тасалдалгүй байдлыг хангах (нөхөн сэргээх) 

Бизнесийн (үйл ажиллагааны) тасалдалгүй байдлын менежментийн ISO 22301:2019 стандарт нь онцгой нөхцөл байдлын үйл ажиллагааг хурдан сэргээх, хэвийн ажиллагаанд шилжүүлэх талаар зааварладаг. Энэ нь мэдээллийн аюулгүй байдлын ISO/IEC 27001:2022 стандарттай уялдаатай хэрэгждэг. Тог тасарсан, дулаан хангамжгүй болсон, харилцаа холбооны механизм ажиллахгүй, барилга байгууламжууд нурж сүйдсэн үед чухал мэдээлэл бүхий системүүдээс мэдээллийг сэргээн авах, хувь хүний дата ба байгууллагын мэдээлэл алдагдахаас яаралтай хамгаалах, харилцаа холбооны боломжийг сэргээх, зам тээврийг сэргээх, барилгуудын орц гарцыг онгойлгож, эмнэлэг ба авран хамгаалах ажлуудыг боломжтой болгох зорилготой. 

(MNS ISO 22301:2020 стандарт)

ISO 22301 стандартын 8.1-р бүлэгт үйл ажиллагааг нөхөн сэргээх процессуудыг шалгуурын дагуу хэрэгжүүлэх, газар дээр үүссэн бөгөөд урьдчилан тооцоолоогүй байсан эрсдэлүүдийг арилгах буюу бууруулах, гадны талуудыг гэрээлж эсвэл сайн дураар ажиллуулсан бол үйл ажиллагаанд нь хяналт тавих тухай заадаг. 

8.2-р бүлэгт үйл ажиллагаанд учруулсан нөлөөллийн анализ хийх тухай заадаг. Эрсдэлийн үнэлгээний аргачлалыг сонгож, хор хөнөөл учруулсан аюултай тохиолдлын бодит болон боломжит нөлөөллийг үнэлэх хэрэгтэй. Ингэхдээ, системтэй аргачлалыг ашиглан, газар дээрх нөхцөл байдлыг зөв үнэлэх нь чухал бөгөөд байгууллагууд ихэвчлэн газар дээр ажиллаж буй ажилтнуудаар биш оффист суудаг хэн нэгнээр бөглүүлдэг нь бодит бус үнэлгээ болдог. 

Жишээ болгон, OHSAS 18004:2008 стандартын E.4.5-р бүлэгт заасан аргачлалыг дор оруулав. Эрсдэлийг үнэлэхдээ, гамшгийн үед хохирсон хүн, хөрөнгө, үйл ажиллагаа гэсэн 3 төрлийг харгалзана. Энэ 3 төрөл тус бүрт хохирлын хэмжээг тооцоолон гаргана. Түрүүлж анхаарал хандуулах ёстой цэгээ олохын тулд, эрсдэлийн зэрэг өндөр, дунд, бага гэсэн ангиллаар аль бүс нутгийн хүмүүс, эд хөрөнгүүд, үйл ажиллагаанууд зогсч, хохирол амсч байгааг зэрэглэнэ. 

OHSAS 18004:2008  стандартын E.4.5-р бүлгийн Хүснэгт Е.2-т заасан дараах матрицын дагуу хүний амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэглэнэ:


Эдгээр хохирлын зэргийг Хүнд, Дунд, Хөнгөн гэдгээс дэлгэрүүлэн, ангилал бүрийг дотор нь 2 задлах замаар ашиглаж болно. Хүнд гэмтэл ба Нас баралт гэж 2 ангилах, Хөдөлмөрийн чадвар алдалт ба Дунд зэргийн гэмтэл гэх зэрэг нь тусдаа ангилал байж болно. 

OHSAS 18004:2008  стандартын E.4.5-р бүлгийн Хүснэгт Е.3-т эдгээр хохирол учрах магадлалыг тооцох аргачлалыг санал болгодог: 



Хохирлын зэрэг ба магадлалын үндсэн дээр нийт эрсдэлийн зэргийг олно: 



Эрсдэлийг үнэлэх хэд хэдэн арга байдгаас, Чеклист буюу асуулга, оноогоор зэрэглэх, алдаа ба үр дагаврын анализ хийх (FMEA), аюул ба үйл ажиллагааны судалгаа хийх (HAZOP), өртөлтийн үнэлгээний стратеги, компьютер загварчлал, паретогийн анализ гэх зэрэг аргууд нийтлэг ашиглагддаг. 

 ISO 22301 стандартын 8.2.2-р бүлэгт заасан дагуу нөхөн сэргээх ажил хамгийн түрүүнд шаардлагатай бүс, авах арга хэмжээнүүдийг зорилго зорилт болгоно. Зорилтыг үйл ажиллагааны төлөвлөгөөнд хуваан хэрэгжүүлэх ба энэ нь стратеги, тактик, үйл ажиллагааны 3 түвшний баг тус бүрт өөр байна. 

Цаашлаад, онцгой нөхцөл байдалд өртсөн байгууллагуудын үйл ажиллагааг сэргээхэд хэрэгтэй бүтээгдэхүүн үйлчилгээний жагсаалт, хийх ажлуудыг тэдгээр байгууллагатай хамтран төлөвлөнө. Хэрэв тодорхой хугацаанд тэдгээр ажлуудыг хийхгүй бол ямар хэмжээний асуудал, хохирол үүсэхийг мөн тооцоолж, таниулна. 

Онцгой байдалд ажиллаж буй ажилтнуудыг ээлжтэй байлгах, амрааж унтуулах, сэргээн эмчлэх, сэтгэцийн болон биеийн эрүүл мэндийг нь хянаж байхыг мартаж болохгүй. 

Аж ахуйн нэгж байгууллага, хувь үйлдвэрлэгч болон хувиараа бизнес эрхлэгчдээс үйл ажиллагаагаа сэргээх шаардлагатай байгаа хугацаа, шаардагдах тусламжийн мэдээллийг гаргуулан авна. Чухал үйл ажиллагаа бүхий байгууллагын ажлыг сэргээхийн тулд ханган нийлүүлэтийн сүлжээг хэвийн ажиллуулах шаардлага тулгарч болно. Үүнд, ханган нийлүүлэгчтэй холбоо тогтоох, захиалга өгөх, бараа бүтээгдэхүүн тээвэрлэгдэн ирэх, мэргэжилтэн хүмүүсийг авч ирэх, тусгай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл авч ирэх багтана. Ханган нийлүүлэгчид өөрсдийн ажлаа сэргээх чадавхигүй бол хэрэгтэй тусламжийг тооцоолон, илгээнэ. 

Эдгээр мэдээлэлд үндэслэн, тус стандартын 8.3-р бүлэгт заасан дагуу Үйл ажиллагааг тасалдалгүй байлгах тухай стратегийг төлөвлөж, үүнд дараах багтана: 
  • нэн түрүүнд анхаарах үйл ажиллагааг сонгох, хамгаалах, 
  • орчныг тогтворжуулах, авран хамгаалах ажлыг үргэлжлүүлэх, 
  • ажлыг сэргээх, 
  • харилцан хамааралтай үйл ажиллагаанд оролцдог талууд буюу ханган нийлүүлэлтийн сүлжээг ажилд оруулах, 
  • нөлөөллийг бууруулах, хохирсон нөхцөл байдалд хариу үзүүлэх буюу хохирлыг арилгах. 
Стандартын 8.3.3-т, одоохондоо онцгой нөхцөл байдалд өртөөгүй ч, дараа өртөж магадгүй байгууллага, үйл ажиллагаа, орчныг хамгаалалтанд авах тухай заадаг. Проактив аргаар буюу асуудал үүсэхээс нь өмнө урьдчилан бэлтгэж, нийтээр нь хохироох магадлалыг бууруулах, үргэлжлэх хугацааг багасгах, хор хохирлын зэргийг бууруулах боломжуудыг судална. Үүнд, ISO 45001 Аюулгүй байдал, эрүүл мэндийн менежментийн стандартын 8.1.2-р бүлэгт заадаг аюулыг хянах 5 шатлалаас ашиглаж болно: 
  1. Аюулын эх үүсвэрийг устгах, ашиглахаа болих, 
  2. Аюултай материал, процесс, тоног төхөөрөмжийг аюул багатайгаар орлуулах, 
  3. Инженерингийн аргаар нэмэлт хийц, бүтээц байгуулж, технологийн хүчээр шийдвэрлэх, 
  4. Захиргааны хяналт тавих буюу хүмүүсийг, процессыг хянах, сургах, 
  5. Хамгаалах хувцас, хэрэгсэл, тоног төхөөрөмж, материалаар хангах. 
Энэхүү 5 шатлалын хамгийн үр дүнтэй нь эхнээсээ, үр дүн муутай нь 4 дэх, 5 дахь арга болно. Иймд, 1-р түвшний аргыг хэрэглэж болохгүй үед 2-р түвшний аргыг хэрэглэх боломжтой эсэхийг үнэлнэ, эхний 2 хоёулаа боломжгүй бол 3-р түвшний аргыг харгалзан үзнэ, гэхчлэн шатлалын дагуу хяналт тогтооно. 

ISO 22301 стандартын 8.4-р бүлэгт үйл ажиллагааны тасалдалгүй байдлын журам хэрэгжүүлэх, үүний тулд бүртгэгч нараас авсан мэдээлэл харилцаа холбооны, нөөцийн түгээлтийн, арилгасан аюул буюу бууруулсан эрсдэлийн, нэмэлт тусламж хэрэгтэй байгаа асуудлуудын жагсаалтыг гаргаж, харилцан хамаарлын үнэлгээ хийхийг шаарддаг. Харилцан хамаарал гэдэг нь аливаа арга хэмжээг цогцоор хэрэгжүүлж, нэг бүс нутггийг авран хамгаалахад олон өөр байгууллага уялдан ажиллах, мэдээлэл дамжуулалцах, нөөцөө хуваалцах хэрэгцээ үүсдэгээс хамаарч, тэдгээр байгууллагууд цуглан уулздаг цагтай, байршилтай, арга зүйтэй байхыг хэлнэ. Ийм харилцан хамаарлын магадлалыг эрсдэлийн үнэлгээнд тусгаж, статистикийн таамаг дэвшүүлэх ба батлах аргачлалаар боломжит үр нөлөөг бууруулах, үүний тулд талуудын бүтээмжийг нэмэгдүүлэх, харилцааг хурдатгах боломжуудыг харгалзан үзнэ. 

ISO 22301 стандартын 8.4.2-р бүлэгт осол, аюул, гамшиг тохиолдох үед үүрэг хариуцлага хүлээх, шийдвэр гаргах эрх мэдэлтэй байх, мэргэжлийн чадамжтай байгууллага, этгээдийг болон тэдгээрийн бүтцийг тодорхойлсон журамтай байхыг шаарддаг. Тус журмын дагуу, хэн онцгой байдал үүссэнийг тогтоох, нөхцөлийг нь нөлөөллийн түвшний хамт үнэлэх, ажиллах арга барилыг сонгох, хэвлэл мэдээлэл ба бусад талд мэдээлэл хүргэх, аврах ажлуудыг хуваарилах ба баримтжуулж бүртгэх, анхааруулга санамж мэдэгдлүүдийг хэвлэлд хүргэх, зарлах эрх үүргийг, арга замыг тогтоосон байна. 

ISO 22301 стандартын 8.4.3-р бүлэгт аюултай тохиолдол үүссэн газрыг эргэн хянах, хариу үзүүлэх талаар дотооддоо мэдээлэл дамжуулах, үндэсний болон бүс нутгийн эрсдэл үүссэн бол холбогдох байгууллагуудад мэдээлэх, хохирол ба амь нас үрэгдсэн хүмүүсийн тухай зарлан мэдээлэх шийдвэр гаргах, мэдээлэх арга хэлбэрийг сонгох, нөлөөнд нь орж магадгүй талуудад сануулж анхааруулах, олон байгууллага зэрэг хариу үзүүлэх ёстой бол хамааралтай байгууллагуудад мэдээлэх, хамт байрлах барилга байгууламжийг тогтох, иргэдэд анхааруулах сануулах механизмыг байнга ажиллуулах талаар тусдаа журамтай байх ёстой гэж заадаг. 

ISO 22301 стандартын 8.4.4-р бүлэгт хариу үзүүлэх ажилд бэлэн бус байсан байгууллага, хүмүүс, хангагдаагүй байсан нөөцүүдийг бүртгэн, дараагийн удаа хэрэглэхэд бэлтгэх, эрх үүргийн хуваарилалт ба хүмүүсийн ажиллах дарааллыг сайжруулах тухай төлөвлөгөө гаргахыг стандартчилсан. 

ISO 22301 стандартын 8.4.5-р бүлэгт Үйл ажиллагааг хэвийн болтол хэрэгжүүлэх түр арга хэмжээнүүдийн төлөвлөгөө гаргах, тэр дагуу ажиллах талаар журамлахыг, 8.5-р бүлэгт тэдгээр журмуудыг цаашид ашиглахад бэлтгэж оролцогч талуудыг сургах, журмуудыг хэрэглэж турших, сайжруулах тухай заадаг. 


Эдгээр стандартыг уялдуулан ашиглаж, онцгой нөхцөл байдалд хариу үзүүлэх журам, арга барил, төлөвлөгөөгөө сайжруулах нь чухал байна. 







Comments

Popular posts from this blog

ESG (Environment, Social and Governance) -н тухай

ХАБЭМ-н удирдлагын тогтолцооны үр дүнтэй хэрэгжилтэнд компанийн соёлын үзүүлэх нөлөө, түүнийг үр дүнтэй удирдах арга зам

ISO стандарт хэрэгжүүлж байгаа үед Гүйцэтгэлийг үнэлэх хэмжих үзүүлэлтээ хэрхэн тодорхойлох вэ?