Сайн бодлогын жишээ: Австралийн Викториа мужийн авто замын төлөвлөлт, зохицуулалт, түгжрэлгүй хотын менежмент

Австрали Улсын хотын менежментийн сайн туршлагуудаас чадах хэмжээгээрээ хуваалцъя. Энэ удаад "Сайн бодлогын жишээ: Австралийн Викториа мужийн авто замын төлөвлөлт, зохицуулалт, түгжрэлгүй хотын менежмент" сэдвээр зарим мэдээллийг хүргэж байна.

😊
Австрали Улсын Викториа муж хамгийн өмнөд хэсэгт байрладаг, өмнөд далайн эрэгт. Энэ мужийн том хот нь Мелбурн. Викториа мужийн замын хөдөлгөөний дүрэм, жолооны сургалт ба шалгалт, жолоочийн үнэмлэх авах болоод цуцлах зэрэг замтай холбоотой бүхий л менежментийг ВикЗам (VicRoads) гэх төрийн байгууллага нь хийдэг. Энэ байгууллагын вэб сайтад жолоо барих, авто машиныг нэр дээрээ бүртгүүлэх, хэрэглээтэй холбоотой бүх төрлийн төлбөр тооцоо, бүртгэл хийлгэх зэрэг цэстэй, бүх үйл ажиллагаа цахимжсан тул хүмүүс өөрийн нэр дээр данс үүсгэн бүртгүүлэх үүрэгтэй. Вэб сайтаар ороход, хууль тогтоомжийн болон бүхий л хэрэгтэй мэдээлэл нийтлэгдсэн байдаг. 🤗 Хууль, дүрэм журмын шаардлагуудыг энгийн хүнд ойлгомжтой байдлаар гарын авлага, заавар болгон PDF файлаар нийтэлсэн тул хэзээ ч хаанаас ч хайлт хийгээд, мэдээлэл авахад хүртээмжтэй. Бас энгийн хэллэгээр, зураг хөрөгтэй, видео заавартайгаар оруулсан тул ойлгоход амар. Жолооны дүрмийн сургалтууд энэ вэбдээ үнэ төлбөргүйгээр байрладаг ба видео, анимэйшн хосолсон орчин үеийн онлайн сургалтын технологиор дүрмийн хичээлээ үздэг. Дүрмийн шалгалтаа ч энэ сайтаараа өгдөг.
🏅Эхний ээлжинд, хууль тогтоомжийг танилцуулбал: Викториа мужид авто замын менежментийг 1-рт, замын менежментийн багц хуулиуд, 2-рт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын багц хуулиуд, 3-рт, бусад үйлчилгээний хуулиад зохицуулдаг.

🎯1. “Замын менежментийн тухай хууль, холбоотой дүрэм журмууд” багцаараа хэрэгждэг. 2004 онд батлагдсан “Замын Менежментийн тухай хууль” нь олон нийтийн ашиглах замуудын менежментийг хийх, аюулгүй бөгөөд зохистой замын сүлжээг бий болгох зорилготой. 'Зам болон Замын Аюулгүй Байдлын Яам' ажилладаг бөгөөд хууль тогтоомжийг мөрдүүлэх үүрэгтэй. Энэхүү хуульд, ялгаатай сонирхогч талуудын эрх ашгийг бодолцсон. Үүнд:
a. Иргэд олон нийтийн аюулгүй, амгалан тайван байдал,
b. Бүс нутгийн засаг захиргааны байгууллагуудын хүлээх үүрэг хариуцлага,
c. Засгийн Газрын хариуцдаг замуудыг хариуцдаг төрийн байгууллагууд (зарим замыг хувийн байгууллагууд хариуцаж, төлбөртэй ашиглуулдаг),
d. Дэд бүтцийн хангамж ба нийтийн тээврийн хангамжийг хариуцагчид,
e. Замын орчимд ажиллаж буй хувь хүмүүсийн аюулгүй байдлын зохицуулалтыг харгалзан үзсэн тухай танилцуулга нь вэбд байна.
🎯Энэ хуулийг хэрэгжүүлэх зорилгоор, дараах хоёр дэд хууль ажилладаг (тайлбар: Нийтлэг хуулийн системтэй оронд Act гэдэг нь маш товчхон гол хууль байдаг, statutory regulations гэдэг нь хуулийн адил хүчинтэй, заавал мөрдөгдөх ёстой дүрэм журам байдаг, үүнийг ойлгомжтой байлгах үүднээс дэд хууль гэчихлээ).
Үүнд:

a. Замын менежментийн дүрэм (Ажиллагаа ба дэд бүтцийн шаардлага) 2015;
b. Замын менежментийн дүрэм (Ерөнхий) 2016.
🎯Мөн Сайн туршлагын кодууд батлагдсан байдаг.
Үүнд:
a/ Олон нийтийн ашиглах замуудын үйл ажиллагааны үүрэг хариуцлагын код. Үүнд,
    a) өндөр хурдны замуудтай нийлэх налуу байгууламжууд,
    b) Артерийн буюу холбогч замууд (орон нутгийн зам),
c) VicRoads болон орон нутгийн төрийн байгууллагуудын замын талаар хүлээх үүргийн зохицуулалт,
    d) Замын далан, суваг, тогтоогч ханан байгууламжууд, явган хүн зөрж өнгөрөх бүтцүүд, замын хажуугийн бүтээцүүд, тэдгээрийг хариуцагчид,
    e) Замын ойр орчмын ус зайлуулах системүүд, тэр орчмын нөлөөнд орох бүсийг хамгаалах үүрэг бүхий талууд,
    f) Авто зам, төмөр зам, трамвайны зам, автобусны замууд, эгнээнүүд, түүнтэй холбоотой дэд бүтцийн нөөцийг хариуцагчид, ажиллах заавар багтана.
b/ Цаашлаад, энэ сайн туршлагын кодуудад артерийн замуудыг зарлаж, тэдгээр замуудад оргил ачааллын үеэр зам чөлөөлөх үүргийг оноох, тэмдэгжүүлэх, ачааллын бус цагаар 1-р эгнээнд авто зогсоолын зориулалтаар ашиглуулах, ачааллын үеэр зогссон машиныг ачиж явах ба журмын хашаанд байршуулах, торгох үйл ажиллагаа, замын хөдөлгөөний менежментийн төлөвлөгөө, зам орчмын дэд бүтцийн менежментийн төлөвлөгөө, зам засвар арчлалтын ажил хийх үеийн авто хөдөлгөөний зохицуулалт гэсэн асуудал тус бүрт заавар боловсруулсан.
🎯Энэ бүх заавар, кодуудыг вэб сайтад ил байршуулсан ба үнэгүй унших, хэрэглэх боломжтой. https://www.vicroads.vic.gov.au/.../codes-of-practice...

2. “Замын аюулгүй байдлын тухай хууль, холбоотой дүрэм журмууд” багцаараа хэрэгждэг. 1986 оны Замын аюулгүй байдлын тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор хэрэгждэг дараах дэд хуулиуд хэрэгжинэ:

a. 2017 оны Замын аюулгүй байдлын дүрэм,
b. 2021 оны Замын аюулгүй байдлын дүрэм (тээврийн хэрэгслүүд),
c. 2019 оны Замын аюулгүй байдлын дүрэм (жолоочид),
d. 2019 оны Замын аюулгүй байдлын дүрэм (ерөнхий),
e. 2019 оны Замын аюулгүй байдлын дүрэм (замын хөдөлгөөний менежмент),

3. Ослын дараа ачих үйлчилгээний тухай хууль 2007, Мелбурн хотын холболтуудын тухай хууль 1995, Зүүн Холболтын Төслийн тухай Хууль 2004 зэрэг хуулиуд хамт хэрэгждэг.


🏅Хоёр дугаарт, жолооч нарт хэрэгтэй замын хөдөлгөөний дүрмийн хуудсыг танилцуулъя.
🎯1. Дараах линкээр орвол, авто замын хөдөлгөөнтэй холбоотой дүрмүүдийг жолооч нарт олон өөр төрлийн хэлбэрээр, ойлгомжтой аргаар танилцуулсан байгаа. Үүнд, нийтлэг асуулт хариулт, дүрмийн өөрчлөлт, машины зогчоолд нэвтрэх эрхийн тухай мэдээлэл авах, жуулчид машин барихдаа анхаарах зүйлс, ганцаараа машин барихдаа анхаарах зүйлс, уулзваруудыг нээлттэй байлгах буюу зогсохдоо таглахгүй байх, торгууль шийтгэл гэсэн дэд бүлгүүдтэй: https://www.vicroads.vic.gov.au/safety-and.../road-rules.
🎯2. Ганцаараа машин барих жолоочийн гарын авлага: Англи, Араб, Хятад, Турк, Ветнам хэлээрх Викториа мужийн замын тэмдгүүд, жолоочийн анхаарал сарнихтай холбоотой дүрэм, аюулгүй жолоодох заавруудыг гарын авлага хэлбэрээр бэлтгэсэн. Үнэгүй татан авч, унших боломжтой: https://www.vicroads.vic.gov.au/.../road-to-solo-driving.... Энд анхаарал татаж буй шинэ журам бол 2023 оны 3 сарын 31-нд батлагдсан жолоочийн анхаарлыг сарниулдаг хэрэгслүүдийг зохицуулах тухай дүрмүүд байгаа. Тухайлбал, зөөж болдог, зүүж болдог, угсарсан болон машины хийцэд багтсан аливаа гар утас, таб, газрын зургийн аппликэйшн, микрофон, камер, CD тоглуулагч болон кино тоглуулагч зэргийг хориглож, тэдгээрийн хэрэглээг замын камерууд илрүүлдэг, торгодог болсон байгаа.
🎯3. Жолооны эрхийн түвшингүүд (https://www.vicroads.vic.gov.au/.../licence-and-permit-types):

a. Суудлын авто машин, том оврын ачааны машин, мотоцикл, трактор, далайн тээврийн хэрэгсэл, гал унтраах машин, ослын ачилтын машин, такси, болон аюултай бүст жолоодлого хийх тээврийн хэрэгслүүдийн төрлөөр тус тусад нь жолоочийн эрх авна. Энэ эрх нь дотроо, суралцагч, дадлагажигч, бүрэн эрхтэй жолооч гэсэн 3 түвшинтэй.

b. Суралцагчийн зөвшөөрлийн лиценз (https://www.vicroads.vic.gov.au/licences/your-ls). 4-6 цагийн онлайн сургалтыг үзсэний дараа шалгалт өгч, суралцагчийн эрх авна. Энэ эрхийг 16 нас хүрсэн, байнгын оршин суух хаягтай, эрүүл мэндийн шаардлага хангасан, ямар нэг хэрэг зөрчилгүй, шалгалтанд тэнцсэн, төлбөрөө төлсөн хүн авдаг. Энэ лиценз нь нэг төрлийн жолооны үнэмлэх бөгөөд 1 жил хүртэлх хугацаанд хэрэг зөрчил гаргахгүй байх нөхцөлтэй. L түвшний гэрчилгээ олгоно, суралцагч учир машин дээрээ L үсэг бүхий шар тэмдэг байнга хэрэглэх үүрэгтэй. Энэ 1 жилийн хугацаанд насанд хүрээгүй хүн тээвэрлэхгүй, жолоочийн хажуугийн суудалд насанд хүрээгүй хүн суулгах хориотой, 120 цагийн хянагчтай жолоодлогын дадлага хийсэн тайланг жолооны багш эсвэл курсээс авна. Нэг жилийн аюулгүй байдлын болон туршлагын шаардлагаа хангасны дараа Дагалдан суралцагчийн шалгалт өгч, Р түвшний лиценз авч болно.

c. Дагалдан суралцагчийн зөвшөөрлийн лиценз (https://www.vicroads.vic.gov.au/licences/your-ps). Энэ түвшний эрхийг Суралцагч түвшний 1 жилийн шаардлагаа хангасан, Аюулын Мэдрэмжийн Шалгалт нэмж өгсөн хүн авах боломжтой. Машинаа барьж чадах, жолооны дүрмээ мэдэхээс гадна Аюулгүй Жолоодлогын Дүрмийг заавал мэддэг хүмүүсийг дагалдан жолооч болгодог. Замын хөдөлгөөнд оролцож байгаа талууд янз бүрийн аюултай орчинд өдөр тутам жолоо барьдаг ба аливаа зам тээврийн ослын хохирогч нь хэн байхаас хамаарч гэмтлийн зэрэг, хохирлын түвшин өөр байдгийг сайтар ойлгуулдаг. Тухайлбал, бүхээгтэй машин дотор сууж байгаа хүн дугуй унаж байгаа хүнийг мөргөхөд, гадуураа ямар ч бүхээггүй, хамгаалалтгүй дугуйтай хүний гэмтэл хамаагүй хүнд байх тухай заадаг. Мөн замыг дугуй унагчид, мотоцикл унагчид, автобусууд гэхчлэн ялгаатай оролцогч талууд ижил тэнцүү эрхтэйгээр хуваалцан ашиглах ёстой бөгөөд энэ талуудын аюулгүй байдлыг шаардлагыг ойлгосон хүн хамаагүй тайван, болгоомжтой, бусдыг энэрэх сэтгэлтэйгээр хөдөлгөөнд оролцдог.
Үүнд:
i. Аюулыг ажиглах,
ii. Аюулгүй зай баримтлах,
iii. Аюулгүй хурдтайгаар явах,
iv. Замыг хуваалцан ашиглах,
v. Өөртөө цаг олгох,
vi. 3 секундын дүрэм,
vii. Өөрчлөгдөж буй замын нөхцлийг ажиглах,
viii. Анхаарал сарниулахаас сэргийлэх зэрэг сэдвүүд багтана.
🎯Дагалдах эрхтэй жолооч нь Р үсэг бүхий дагалдагчийн 2 өөр төрлийн лиценз авдаг. 1-рт, Р1 түвшний үнэмлэхтэй жолоочид улаан тэмдгийг машины урд ба хойно 20 метр зайнд харагдахуйц байдлаар байршуулах үүрэгтэй. Р2 түвшний үнэмжлэхтэй жолооч нь ногоон өнгийн тэмдгийг машиндаа байрлуулна. Энэ түвшинд осол зөрчил гаргалгүй 1 жил машин бариад, жолооч 18 нас хүрсэний дараа бүрэн эрхтэй жолоочийн үнэмлэх авна.
d. Бүрэн эрхтэй машин барих лиценз. Бүх шаардлагыг хангасан туршлагатай жолоочид энэ түвшний үнэмлэх олгоно. Үнэмлэх нь VICROADS-т бүртгэлтэй байх ба гэрийн хаяг, утасны дугаараа сүүлийн хүчин төгөлдөр байдлаар байнга мэдээлэх үүрэгтэй. Гэр нүүснээс хойш 2 сарын дотор мэдээлээгүй бол торгуулна.
🏅Гурав дугаарт, авто тээврийн хэрэгсэл худалдан авах, нэр дээр шилжүүлэх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн хураамж ба татвараа төлөх үйл ажиллагааг мөн VicRoads зохион байгуулна. Авто машин унах нь үнэтэй бөгөөд нэг жилээр бүртгэлийн хураамжаа сунгаж төлдөг. Энэ нь суудлын авто машины хувьд, үйлдвэрлэгдсэн оноос хамаарч 500-700 доллар, гэр бүлийн машин бол 800-1000 доллар байна. Монгол төгрөгөөр, 1.2 сая-2.5 сая төгрөг гэсэн үг. Мөн машин бүр RoadWorthy үзлэгт орж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа засварын газрын механик инженерийн гэрчилгээ, бүртгэлтэй байх шаардлагатай. Энэ бүртгэлийг авахын тулд машин бүр хамгийн багадаа улирал тутам механик инженерийн үзлэгт орж, тос масло солиулсан, эд ангиудаа засварлуулсан эсвэл цэвэрлүүлсэн, солиулсан бүх зүйлсээ тэмдэглүүлсэн байх үүрэгтэй. Энэ бүх шаардлага нь замын хөдөлгөөнд оролцогч талуудын аюулгүй байдлыг хангуулах үүрэгтэй журмууд юм.
🎯 Түүнчлэн, дараах аюулгүй байдлын дүрмүүд бий:
a. Тээврийн хэрэгслийн аюулгүй байдал: https://www.vicroads.vic.gov.au/safety-and.../vehicle-safety
b. Электрон скүүтэрийн аюулгүй байдал: https://www.vicroads.vic.gov.au/.../e-scooters-in-victoria
c. Жолоочийн аюулгүй байдал: https://www.vicroads.vic.gov.au/safety-and.../driver-safety
d. Дугуйчдын аюулгүй байдал: https://www.vicroads.vic.gov.au/safety-and.../cyclist-safety
e. Явган зорчигчийн аюулгүй байдал: https://www.vicroads.vic.gov.au/safety.../pedestrian-safety
🎯Авто замууд нь байнгын ажиллагаатай камертай, хурд хэтрүүлсэн, гэрлэн дохио зөрчсөн, явган хүнд зам тавьж өгөөгүй, хурдтай явж буй замын хөдөлгөөнд нэгдэхдээ хурдтай яваа тээврийн хэрэгслүүдийг өнгөрөөж, аюулгүй зай гарахыг хүлээх ёстой шаардлагыг биелүүлэлгүй дайрч орсон гэх зэрэг бүхий л зөрчлийг камераар баталгаажуулж, өндөр торгууль ноогдуулдаг. Торгууль нь хамгийн багадаа 460 доллараас эхлэх ба монгол төгрөгөөр 1 сая төгрөгөөс эхэлнэ. Торгуулиа хуулийн хугацаанд цахимаар төлөөгүй бол шууд шүүхэд дуудах ба хорих хүртэл ял онооно.

🎯 Викториа мужийн хэмжээнд жил бүр 47 явган зорчигч дайруулж нас барсан, 690 явган зорчигч хүнд гэмтсэн статистик мэдээ байна (https://www.vicroads.vic.gov.au/.../pedestrian-statistics). Хүүхэд, хөгшид, тэргэнцэртэй иргэдийн хэрэглээнд зориулж явган хүний болон авто замын байгууламжуудыг төлөвлөн байгуулдаг тул тэдгээрийн аюулгүй байдлын заавар, шаардлагууд мөн тусдаа.
🎯 Замын хөдөлгөөний менежмент (https://www.vicroads.vic.gov.au/.../managed-motorways...). Мелбурнд төв замууд (freeways), толл замууд (tollways) байдагг ба эдгээр нь хотын зүрхнээс артерийн судасны адил системээр тал бүр лүү хөдөлгөөнийг түгээдэг ба нийт замын ачааллын 40 хувийг даадаг. Гэвч замын нийт урт нь замын 7%-г л эзэлдэг (энд эгнээ бүрийн уртыг тооцсон нийт урт болно). Мелбурн хотод өдөр бүр 4-5 сая тээврийн хэрэгслийн хөдөлгөөн явагддаг.
🎯 Төв болон толл замууд нь моторт тээврийн хэрэгслүүдийн хамгийн гол ашигладаг замууд бөгөөд энэ нь айл өрх, орон сууцны хотхон, хотын төвүүдийн жижиг замуудаас тусдаа ажилладаг. Эдгээр замуудын хурдны хязгаар нь хот дотор 80 км/цаг, 100 км/цаг хүртэл байх ба том оврын ачааны машинууд, хүргэлтийн үйлчилгээний машинууд, ажлаа хурдан амжуулмаар байгаа зорчигдчид эдгээр замыг ашигладаг. Толл зам гэдэг нь Толл гэдэг компанийн хянаж удирддаг төлбөртэй замууд юм. Толл зам дээр хэр удаан явсанаас хамаарч авто тээврийн хэрэгслийн улсын дугаарын эзэмшигчид имэйлээр болон хаягаар нь шуудангаар төлбөрийн нэхэмжлэх очдог.
Эдгээр замууд нь хотыг түгжрэлээс сэргийлдэг. Эдгээр замын менежментийг хийхдээ, дэлхийн шилдэг туршлагыг ашигласан системүүд ажилладаг. Замын гүйцэтгэлийн тооцооллыгг хийхдээ, аюулгүй байдлыг хангах, тээврийн хугацааг товчлох, найдвартай байдлыг нэмэгдүүлэх гэсэн гурван үзүүлэлтийг зэрэг харгалзаж үздэг.
🎯Менежменттэй моторт тээврийн хэрэгслийн авто замуудын дизайныг гаргахдаа (англи нэрээр нь орчуулсан болно), замын хөдөлгөөний нягтаршил болон урсгалыг зохицуулахуйц аюулгүй дизайны аргаар ажилладаг. Дизайны тухай хуудас: https://www.vicroads.vic.gov.au/.../managed-motorway-design. Дизайн гаргахын тулд хөдөлгөөний ачааллын түвшин ба аяллын урсгалын маршрутуудыг судалж, төв замуудын анализ ба дизайн дээр ажилладаг, ингэхдээ замд нэгдэх үеийн аюулгүй байдлын менежмент, урсгал болон зам солих үеийн менежмент, замаас гарах үеийн менежмент, явц дундын замын хөдөлгөөний зохицуулалт гэсэн дарааллыг баримталдаг. Замд нэгдэх, явах, гарах үеийн аюулгүй байдлыг тооцохдоо, замын багтаамж, нэгдэх хүмүүсийн цаг ба хэмжээ, замын эгнээ тус бүрийн хурдны хязгаар болон цагийн зохицуулалтыг өөрчлөх хэрэгцээ, гарах урсгалын туулах зам, хурдны зохицуулалт зэргийг нарийн тооцож, өдөр бүр зохицуулдаг.



🎯Энэ бодлогын хэрэгжилтийг энгийн жолооч бид өдөр тутам хардаг. Жишээ нь, өглөө ажил эхэлдэг болон орой ажил тардаг цагаар нэг урсгалд 5-6 эгнээ ажиллах, тэдгээрийн хурдны хязгаар 80-100 км/цаг болдог бол ачаалалгүй үед 1-2 эгнээг нь ажиллуулдаг, хурдны хязгаар 60-70 км/цаг байх жишээний.
🎯 Замтай холбоотой өөрчлөлтүүдийн тухай байнгын мэдээ (https://www.vicroads.vic.gov.au/.../melbourne-road-projects):
Замын төслүүд (https://www.vicroads.vic.gov.au/.../melbourne-road-projects), хууль тогтоомжийн төслүүд (https://www.vicroads.vic.gov.au/planni.../statutory-planning), байгаль орчны үр нөлөөг хянах менежмент (https://www.vicroads.vic.gov.au/planning-and.../environment), хөрөнгө оруулалтын үр нөлөөг хэмжсэн мэдээллүүд (https://www.vicroads.vic.gov.au/.../evaluating-investments), хөрөнгийн үйлчилгээний менежмент (https://www.vicroads.vic.gov.au/plannin.../property-services), авто зам өргөтгөх болон барих зорилгоор газар авах болон нөхөн олголтын менежмент (https://www.vicroads.vic.gov.au/.../land-acquisition-and...), бизнес болон салбарын байгууллагуудтай уялдахтай холбоотой менежмент (https://www.vicroads.vic.gov.au/business-and-industry) гэсэн бусад хэсгийг үзэж болно. Бүх менежмент, бодлого нь ил тод төлөвлөлт, тайлагналтай байдаг байна.
Түгжрэлгүй, аюул багатай замуудтай холбоотой зургуудаа хуваалцлаа 🙂 Дотор нь амьдраад, мэдрэхэд энэ замын менежментүүдийг зүгээр л хуулаад тэр чигээр нь Монголдоо аваад ирэх юмсан гэж их бодогдсон юм. Өөрийн хувийн туршлагаас нэмээд хэлэхэд, дараах зүйлс дажгүй сайн туршлага санагдсан:

1. Орон нутагт холын замд явахад 15 км тутамд 3 км-н урттай гүйцэж түрүүлэх эгнээ хийгдсэн. 2 урсгал нь нэг эгнээтэй нарийн замтай боловч, энэ 3 км-н турш хоёр эгнээтэй болно, хурдаа нэмэх төлөвлөгөөгүй жолооч 1-р эгнээ рүү шилжихэд, гүйцмээр байгаа машинууд 2-р эгнээгээр хурдан явж түрүүлнэ. Энэ нь ослоос сайтар сэргийлдэг. 👍

2. Орон нутгийн замд мөн жолоочийн ядаргаа тайлах цэгүүд их байх ба тэнд нь саравч, 00, хогийн сав байдаг. Жолооч нойрмоглох, ядрах үед сэргээх зорилготой зориулалтын томхон талбайтай зогсоол юм. 👍

3. Орон сууц, хаусны хотхонууд бүгд гудамжлан, асфальт замтай, тэр нь айл бүр лүү ордог. Зам бүр ус зайлуулах шугам сүлжээнд холбогдсон байдаг тул өвлийн борооны улиралд зам дээр ус тогтох асуудал байхгүй. Хийцийн хувьд, хотхоны гудамжны авто замууд голдоо өндөр, хоёр захаараа налуу ба ус зайлуулах хоолой руугаа гулгасан байдалтай. Иймээс, замын голд болон хажууд ус тогтохгүй, шууд урсдаг. Үерийн далангууд ба ус зайлуулах шугамуудыг хотын захиргааны хяналтын инженерүүд нь цаг агаарын өөрчлөлттэй уялдуулан даацын тооцоолол хийж, нэмж хүчитгэх, нөөц шугамыг ажилд оруулах зэргээр зохицуулдаг. 👍

4. Орон нутгийн авто замын технологийн хувьд өндөр далан байгуулж, дээр нь зам тавьдаггүй. Хөрсний давхаргатай ижил түвшинд өндөртэй байх юм билээ. Энэ нь ан амьтан дамжин өнгөрөхөд саадгүй байлгах, мөн гэнэтийн хэрэгцээ гарч зогсох хэрэгцээ үүсэхэд аюулгүй байлгах зориулалттай. 👍

5. Мелбурн хотын төвийн замууд нь 4 зүг 8 зовхистоо сүлжээ бүхий трамвайны замтай, тэр нь хотын бүх захууд руу очно. Трамвай нь замын голын эгнээгээр явах ба трамгүй үед машинууд хэвийн ашиглана. Трам-с хүн буух, суух үед 1-р эгнээний машинууд зогсон өнгөрөөх үүрэгтэй. Зарим трамны зогсоол нь зорчигчийг аюулгүй буулгах хэсэгтэй, тэр нь хашаатай, хоёр тийшээ явган хүний гарцтай. 5 сая хүн холхидог хот гэхэд трамдаа зам сайн тавьж өгөх ба зорчигчийг гэмтээх осол маш цөөн гарна. 👍

6. Машин ачилтын үйл ажиллагаа нь С үсэгтэй буюу Clear (саадгүй) байлгах үүрэгтэй хэсэгт, тогтсон цагт нь дүрэм зөрчсөн үед л явагддаг. Зарим зам нь ачаалалгүй үед зогсоолын үүрэгтэй учир тэр бүр хүний машиныг ачаад байхгүй. 👍

7. Хотын төвд үнэгүй машин зогсоол байхгүй. Харин төлбөртэй авто зогсоолууд хангалттай том зайтай, зарим байршилд 4-10 давхар байшин хэлбэртэй зогсоолууд байна. Жишээ нь, нисэх буудлын авто зогсоол нь ийм олон давхартай. Зогсоолын төлбөрийг орж гарахад уншуулдаг автомат төхөөрөмжинд шууд картаа чип-р уншуулж төлөх боломжтой, эсвэл ил зогсоолын хувьд оногдсон зайны кодоо, машины дугаартайгаа бүртгүүлэн гар утасны аппликэйшн-р төлнө. Зогсоолын төлбөрийг хүн хураах систем байхгүй. Орон сууцны хотхоны зоорийн давхарын гаражт төлбөр төлөхөд мэдэхгүй, болохгүй асуудал гарвал төлбөрийн машинаасаа харуул буюу туслагч руу шууд залгаж, заавар авна. Тэр хэсгийг байнгын камераар хянаж байдаг гэсэн үг. 👍

8. Хотын төвд машин унах нь зогсоолын төлбөрөөс эхлээд үнэтэй учир иргэд трам, автобусанд суух нь тохиромжтой байхаар шийдэж өгсөн. Учир нь хотын төвийн бүх бүст нийтийн тээвэр үнэгүй. Төвөөс гарахад төлбөр авдаг. Автобусны карт аваад, тэр картаараа бүх төрлийн нийтийн тээвэр авах боломжтой. Өдөрт нэг удаа нэг тийш явахад 4.5 доллар буюу 12,500 төгрөг орчим, харин өдөржин давтан ийш тийш явах бол максимум 9 доллар буюу 25,000 төгрөг байна. 👍

9. Хотын төв болон захаар дугуйн зам хангалттай бөгөөд нийтийн тээвэрт төлбөр төлөлгүйгээр дан дугуй унаж ажилдаа ирж очдог, хүүхдээ сургуульд нь хүргэж өгдөг эцэг эхчүүд олон байдаг. Энэ нь хүн хөдөлгөөн хийх талаас эрүүл мэндэд ээлтэй, мөн төсвөнд хэмнэлттэй, цаашлаад агаарын бохирдлоос сэргийлж буй менежмент юм. 👍

Сайн туршлагаа кодлоод, бэлэн загвартай болгоод өгсөн хөгжингүй улсуудын стандартаас бид сайн импорт хийх хэрэгтэй байна. Ингэснээр, тэдний хөгжих явцдаа үзэж туулсан алдаа бүхнийг, сургамж бүхнийг товчлох боломжтой юм л даа. Хэрэгтэй хүмүүст нь шэйрлэж хүргээрэй! Ганцхан замын хөдөлгөөний дүрмээр хүн ам ихтэй хотын замын менежментийг хийх нь учир дутагдалтайг Монголчууд бид өдөр тутамдаа мэдэрч байна, ялангуяа Улаанбаатарын замын ачаалал. Сайн сайхны төлөө хувь нэмрийг жижигхэн бичвэрээр ч гэсэн хүргэж байхад хөгжлийн төлөө хамтдаа урагшлах биз ээ. 😃

Comments

Post a Comment

Popular posts from this blog

ESG (Environment, Social and Governance) -н тухай

ХАБЭМ-н удирдлагын тогтолцооны үр дүнтэй хэрэгжилтэнд компанийн соёлын үзүүлэх нөлөө, түүнийг үр дүнтэй удирдах арга зам

ISO стандарт хэрэгжүүлж байгаа үед Гүйцэтгэлийг үнэлэх хэмжих үзүүлэлтээ хэрхэн тодорхойлох вэ?