ISO хэрэгжүүлэлтэнд 6М аргыг ашиглах нь (Шалтгаан ба үр нөлөөний анализ хийх жишээ).

4М хэмээн Монголд танигдаж байсан, сүүлийн үед 5М, 6М болон өргөжиж буй нэгэн ойлголт бол ISO стандартуудын 7-р бүлэгт шаарддага НӨӨЦ-ийн шаардлагуудыг хэрхэн удирдлагын тогтолцооны эрсдэлийг удирдах, үл тохирол буюу зөрчил дутагдал, осол, осолд дөхсөн тохиолдлуудыг судлахад ашиглаж болох тухай нэг арга танилцуулъя. 

1-рт, энэхүү 6М аргыг яагаад ISO удирдлагын тогтолцооны стандартуудыг хэрэгжүүлэхэд ашиглавал зохистой вэ гэдгийг харуулахын тулд ISO стандартуудын 7-р бүлэгт заасан нөөцүүдийн тухай авч үзье. 

ISO9001, ISO45001, ISO14001 стандартуудын 7-р бүлэгт байгууллага өөрийн үйл ажиллагааг шаардлагын дагуу явуулахын тулд нөөцийн хэрэгцээгээ тодорхойлж, шаардагдсан нөөцөөр хангах тухай заадаг. Ингэхдээ дараах төрлийн нөөцийг шаарддаг: 

1. Хүнтэй холбоотой нөөцийн шаардлагууд. 

- Стандартын 7.1.2-р бүлэгт Хүний нөөц буюу байгууллагын бүтцийн схем, нийт ажилтны тоо, ажлын байрны зэрэглэл, ангилал гэх зэргийг тодорхойлж, процесс шаардлагын дагуу хэрэгжихэд шаардагдаж буй хүнээр хангах тухай заадаг. 

- 7.1.6-р бүлэгт Хүний эзэмшиж байдаг байгууллагын талаарх тусгай мэдлэг, тухайн байгууллагад ажилласан туршлагаар олж авдаг нарийвчилсан мэдлэгүүд хаана хэнд байдгийг тодорхойлж, тэдгээр мэдлэг дотроос байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад нэн шаардлагатай тусгай мэдлэг ур чадвар хэнд хадгалагддаг, түүнийг хувь хүний мэдлэг хэвээр байлгасаар байна уу, эсвэл байгууллагын мэдлэг болгон бүртгэж авч, журам ба заавартаа тусгаж, бусдад хуваалцаж, бусдыг сургаж болдог мэдлэг болгож чадаж байга эсэхийг шалгахыг анхааруулдаг. 

- 7.2-р бүлэгт Ажил хийж буй хүмүүсийн зөөлөн ба хатуу ур чадвар, мэдлэг, туршлага зэрэгт суурилан ямар чадамж шаардлагатайг тодорхойлох, одоогийн ажилтнууд тэрхүү чадамжийн шаардлагыг хангаж байгаа эсэх, шаардлага хангаагүй хэсэгт байгууллага ажилтнаа сургаж хөгжүүлж авч болохуйц зөрүү байгаа эсэхийг тодорхойлох, боломжтой бол тодорхой боловсрол олгох, сургах, дадлагажуулах замаар тэрхүү зөрүүг арилгах шаардлагын тухай заадаг. Үр дүнд нь ажлыг хийх үүрэг бүхий хүмүүс тухайн ажлаа чанартай хийх чадамжтай байх шаардлагатай. 

- 7.3-р бүлэгт Ажилтнуудын ойлголт, мэдлэг, ухамсрын тухай заадаг. Нийт ажилтанд өөрсдийнх нь ажилтан хүний хувьд хүлээх үүрэг, тэд юунд яаж оролцох ёстой, байгууллага дотор хэнтэй яаж харьцах ёстойгоо мэддэг, асуудал тулгарвал хаана хэнд хандах, байгууллагын клуб, хороо, ажилчдын төлөөллийн байгууллагатай хэрхэн ажиллаж болох, ажилтнууд юунд оролцож, эсвэл юуны талаар бусадтай ямар асуудлын талаар албан ёсоор зөвлөлдөж байх ёстой вэ гэдгийг тодорхойлж, тэдгээр мэдээллийг тогтмол өгдөг, үүрэг хариуцлага ба эрхийг нь ухамсарлуулдаг байх шаардлагатай. 

2. Дэд бүтэцтэй холбоотой нөөцийн шаардлагууд. 

- 7.1.3-р бүлэгт Дэд бүтцийн нөөц буюу барилга байгууламж, тоног төхөөрөмж, машин механизм, багаж хэрэгсэл, техник технологийн шийдлүүд, сервер ба сүлжээ, программ хангамж, удирдлагын панел хаана хаана байдаг, тэдгээрийн хэвийн ажиллагааг хангахын тулд ямар шаардлага тавигддаг, хэн хэзээ хяналт тавьж байх шаардлагатай, доголдол ба эвдрэл гэмтэл илэрвэл нөөц бэлэн байх, нөөцийг хэн ямар хэмжээгээр бэлтгэл хангадаг байх тухай заадаг. 

- 7.1.4-р бүлэгт Ажил хөдөлмөр эрхлэх орчин буюу хөдөлмөрийн нөхцлийн шаардлагууд багтсан. Үүнд, хүн ажилладаг орчин, түүний физик хүчин зүйлс (гэрэлтүүлэг, агааржуулалт, тоосжилт, дуу чимээ, доргион, гэх зэрэг), химийн хүчин зүйлс (химийн бодисуудын хэрэглээ, өртөлт, гарч болох онцгой байдал), биологийн хүчин зүйлс (амьтад ба хүний халдварт өвчин, бактер ба вирусээс үүддэг халдварт өвчин, халдварт өвчинтэй амьтан ургамал хүн ба орчноос өвчин халдах эрсдэл гэх зэрэг) болон нийгэм сэтгэл зүйн хүчин зүйлс (ялгаварлан гадуурхалт, дээрэлхэлт, бүлэгт хамааруулахгүй байх, ад үзэх, хүчирхийлэх, заналхийлэх, ганцаардуулах, айлгах, сүрдүүлэх, сэтгэл зүй тайван байх боломжгүй хортой харилцаатай орчин байх зэрэг)-ийг тодорхойлж, хүний сэтгэцийн болон бие махбодийн эрүүл мэндийг хангуулах шаардлагууд багтана. 

- 7.1.5-р бүлэгт Хэмжих, хянах багаж, тоног төхөөрөмж хаана юунд хэрэглэгддэг, хэн хэрэглэдэг,  тэдгээрийн тохируулга, баталгаажуулалт, хэвийн ажиллагааг хэрхэн хангах, хэмжилтийн болон хяналтын үр дүнгүүд нь үнэн зөв, бодитой гэдэгт ямар үндэслэлээр итгэж болох вэ, гэдгийг тодорхойлох, энэ шаардлагыг хангасан гэдгийг нотлох баримттай байх тухай энэ бүлэгт заадаг. 

3. Менежменттэй холбоотой нөөцийн шаардлагууд. 

- 7.4.-р бүлэгт Нэгж ба хүн хооронд мэдээлэл солилцох урсгал тодорхой байх тухай заадаг. Хэлтэс нэгжүүд ямар асуудлаар ямар хэлбэрийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж харьцах, хэн нь санал авч, хэн нь хянаж, хэн нь баталдаг вэ, мэдээллийг байгууллага дотор болон гадна хэн дамжуулах вэ, хэн мэдээллийг хянадаг байх хэрэгтэй вэ гэдэг нь тодорхой байх шаардлагатай. Мөн, байгууллага дотор дээрээс доош, доороос дээш болон хэвтээ тэнхлэгт хэн хэн юуны талаар харилцдаг, юуг хянах, юуг хянахгүй, юуг программаар, юуг бичгээр, юуг амаар мэдээлэх нь мөн тодорхой байх тухай энэ бүлэгт заана. 

- 7.5-р бүлэгт Баримт бичиг, бүртгэлүүдийг үүсгэн зохион бүрдүүлэх, хянаж батлах, хэрэглэх, хадгалах, архивлах, устгах журам тодорхой байх тухай заадаг. Уламжлалт баримт бичгийн удирдлагад, байгууллагад ямар төрлийн баримт бичгүүд байх, аль хэлтэс нэгж хариуцан хөтөлдөг, хэн байгууллагын хэмжээний бүх баримт бичиг болон бүртгэлийг нэгтгэн бүртгэж, хяналт тавьж байх, хэн баримт бичигт дугаар өгөх, хэн хэзээ ямар баримт бичгүүдийг ширээндээ хадгалаад өөрөө ашиглаж болох, хэзээ архивт шилжүүлэх, архив нь хэр удаан хадгалаад устгах, устгахдаа хэн яаж устгах тухай тодорхойлсон байхыг шаарддаг. Харин орчин үед, байгууллагуудын баримт бичгүүд электрон хувилбарт шилжсэн, зарим нь компьютерын файл хэлбэрээр, зарим нь онлайн орчинд үүлэн технологид суурилсан программд, зарим нь гар утсанд, зарим нь фэйсбүүкт байршдаг болсон тул ийм төрлийн баримт бичгүүдийг хэрхэн удирдах тухай мөн байгууллага шийдвэр гаргаж, процессыг удирдах, хэн бүртгэж хянах тухай тодорхойлсон байхыг шаардаж байна. 

2-рт, эдгээр нөөцийн шаардлагыг 6М арга өөртөө агуулж, нэг раманд багтаадаг, нэгтгэн ашиглахад хялбар байдаг тухай ярилцъя. 

ISO стандартын 7-р бүлгийг тус бүрт нь жагсаахад их урт, зарим нь ойлгоход төвөгтэй. Харин 6М аргад, эдгээр бүх нөөцийг М үсгээр эхэлсэн 6 бүлэгт хуваан авч үздэг. Доорх зургаас харъя: 



Хүний нөөц, Машин тоног төхөөрөмж, Ажлын орчин, Менежментийн арга зүй, Түүхий эд материал, Хэмжилтийн нөөц гэсэн 6 бүлэгт хуваасан. Энэ аргыг Процессыг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах, сайжруулах бүхий л циклд ашиглах боломжтой. 

Тухайлбал, 4.4-р бүлэгт заадаг Процессын удирдлагын шаардлагыг хэрэгжүүлэх буюу менежментийн тогтолцоог анх төлөвлөх шатандаа энэхүү 6М аргыг ашиглан Процессын зураглал/жагсаалтаа гаргасан байвал зохилтой. Доорх хүснэгтэнд, процессын зураглал гаргахын тулд процесст оролт болж өгдөг зүйлсийг тодорхойлсон жишээ харуулж байна. 

Тайлбар: Процессын оролт гэдэгт тухайн процессыг хэрэгжүүлэхийн өмнө бэлэн байх ёстой физик нөөц, мэдлэгийн нөөц, арга зүйн нөөцийг хамруулан тодорхойлсон жишээ юм. Үүнээс өөрөөр гэвэл, тухайн процессын өмнөх процессын үед хийгдсэн байх ёстой үйл явцын үр дүнг мөн тодорхойлж болдог. Гэхдээ, 7-р бүлэгт ашиглах жишээг харуулах үүднээс зөвхөн нөөцүүдийг жагсаасан байгаа.  


Ингэж тодорхойлж чадсан байгууллага бол эрсдэлийн үнэлгээ хийхдээ эдгээр оролт тус бүрээс үүдэн бий болох аюул, эрсдэл, боломжуудыг илрүүлж, зөв үнэлэх боломжтой болдог (6.1-р бүлэг, төлөвлөлт). Зөв эрсдэл боломжийг илрүүлсэн бол үйл ажиллагаандаа тэдгээрийг хянаж, удирдаж ажиллах нь биелэхүйц болж эхэлнэ (8.1-р бүлэг, үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах). Мөн менежментийн арга барилдаа хяналт, аудит, дүн шинжилгээ хийх (9-р бүлэг), үйл ажиллагаагаа сайжруулах (10-р бүлэг) ажлуудыг хийхэд ч нөөц заавал хэрэглэгддэг, тийм учир нөөцийн дутагдлаа олж илрүүлж, дутууг нөхөх, бүрдүүлэх нь үл тохирлыг залруулах, ослыг судалж дахин гарахаас сэргийлэх ажил хийгдэх боломжтой болно. 

Энэ дотроос, сайжруулах үе шатанд ашиглаж болох Шалтгаан -Үр нөлөөний шинжилгээний аргыг ашиглах талаар авч үзье. Доорх зурагт, Загасны ясан диаграммын аргаар учирсан асуудлын шалтгааны мод зурах, шалтгаанаас үүдэн бий болсон үр нөлөөнд дүн шинжилгээ хийснийг харуулж байна. Ингэхдээ, 6М аргын Хүн, Машин, Материал, Ажлын орчин, Арга зүй, Хэмжилт гэсэн 6 хүчин зүйлийг загасны гол яс болгон зурж, тус бүрийг дотор нь дэд яснуудад хуваан зурсан байна. 


Тухайлбал, Хүн гэх гол яс нь дотроо хүн хүчний нөөц, хүмүүсийн хүмүүжил хандлага, хүмүүст өгдөг сургалтын үр нөлөө, хүмүүсийн хариуцлагын түвшин, хүн хоорондын мэдээлэл солилцоо гэсэн дэд яснуудад хуваагдсан байна. Тэгэхээр, тухайн дэд яс тус бүрээс үүдэн гарсан үр нөлөөг тодорхойлж, бидний нүүр тулаад буй асуудлын суурь шалтгаан мөн эсэхийг дүгнэн ярилцана. 

Энэ мэтчилэн Тархин шуурга буюу brainstorming хийж, асуудлын шалтгаан бүрт хамаарах үр нөлөөнд анализ хийснээр, тухайн асуудлын суурь шалтгааныг, магадгүй шалтгаануудыг зөв илрүүлэх боломжтой юм. Бусад хүчин зүйлс хэрхэн нөлөөлсөн байж болохыг энэ мэтчилэн нэг зурагт нэгтгэн харж, бүгдэд нь хамт анализ хийдэггүйгээс үүдэн, алдааны шалтгааныг ихэвчлэн бид хувь хүний туршлага, мэдлэг, үзэл бодлоор харж, таамаглаад байдаг. Тиймээс, biased буюу хүний өөрийн үзэл бодолд суурилсан үнэлгээний үр дүн гаргадаг нь тухайн алдааг сууриар нь засч чадахгүй байхад хүргэдэг. Тиймээс, ISO стандартуудын 10.2-р бүлэгт үйл ажиллагаагаа сайжруулдаг байхын тулд асуудал бэрхшээл, эрсдэл боломжийн суурь шалтгааныг илрүүлж, залруулдаг байх тухай заадаг байна. Суурь шалтгааныг илрүүл гэдэг нь өнгөц шалтгаан, шууд шалтгаанаар бүү хязгаарлагдаарай гэсэн сануулга юм. Тиймээс, 6М аргаа ийнхүү ISO стандартыг хэрэгжүүлэх PDCA циклийн аль ч шатанд ашиглаж болно. 

Ихэнхи байгууллагууд ISO стандарт хэрэгжүүлдэг боловч эдгээр уялдаатай процессуудын уялдааг гаргаж төлөвлөлт хийж чаддаггүйгээсээ шалтгаалаад, баримт бичгүүд л гаргаад байдаг, үндсэн үйл ажиллагаанд тэдгээрийг ашиглахгүй хэвээр байдаг. Тиймээс 7-р бүлгийн нөөцийг ийнхүү бусад заалттай уялдуулж ашиглаж чадвал, ISO хэрэгжилт ул суурьтай, бодит үр дүн өгдөг арга зүй болж чадна.  

Та бүхэнд амжилт хүсье. 

Б.Оюунтөгс

Comments

Popular posts from this blog

ESG (Environment, Social and Governance) -н тухай

ХАБЭМ-н удирдлагын тогтолцооны үр дүнтэй хэрэгжилтэнд компанийн соёлын үзүүлэх нөлөө, түүнийг үр дүнтэй удирдах арга зам

ISO стандарт хэрэгжүүлж байгаа үед Гүйцэтгэлийг үнэлэх хэмжих үзүүлэлтээ хэрхэн тодорхойлох вэ?