ISO/PAS 45005:2020 - COVID-19-н үед аюулгүй ажиллах нь - Олон улсын стандарт батлагдлаа


 

COVID-19 цар тахлын үеэр бүх төрлийн байгууллагууд ажилчдынхаа болон бусад хамааралтай талуудынхаа аюулгүй байдал, эрүүл мэнд, сайн сайхан байдлыг ханган ажиллах менежментийн заавар стандарт ISO/PAS 45005:2020 стандарт олон улсад батлагдан гарлаа.


Энэ стандарт нь бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын дагаж мөрдөж болох ерөнхий удирдамж юм. Иймд манай улсын эмнэлгийн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний, төрийн болон зохицуулалтын (улсын болон хотын/аймгийн онцгой комисс, эрүүл мэндийн яам, хотын болон аймгийн удирдлага, хүчний байгууллага, гэх зэрэг) болон бүх төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны байгууллагууд үйл ажиллагаандаа яаралтай горимоор хэрэгжүүлж эхэлвэл энэ хүнд цаг үед Covid -19 эрсдлийг бууруулахад өндөр ач холбогдолтой байна.

Энэхүү стандартыг Чанарын менежментийн ISO9001, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын (ХЭМАБ) менежментийн ISO45001, онцгой нөхцлийн дараа үйл ажиллагааг хурдан сэргээхэд зориулсан Бизнесийн тасалдалгүй байдлын ISO22301 болон бусад удирдлагын тогтолцоо хэрэгжүүлж буй байгууллагууд ашиглахад илүү дөхөм боловч заавал эдгээр стандартыг урьдчилан нэвтрүүлсэн байхыг шаардахгүй давуу талтай.

За, ингээд та бүхэнд бидний зүгээс тус стандартын гол агуулгыг цуврал байдлаар орчуулан хүргэхээр шийдлээ. Нийт орчуулгын ажил дуусмагц бид Монгол Улсын Стандартчилал Хэмжил Зүйн Үндэсний Төв болон бусад холбогдох байгууллагуудад албан ёсоор хүргүүлж Үндэсний стандарт болгон батлуулж, нийт аж ахуйн нэгжүүдэд түгээх ажилд нь дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөтэй байна.

 

ЦУВРАЛЫН 1-Р ХЭСЭГ:

 Эхний ээлжинд хамгийн яаралтай чухал байж болох дараах бүлгийн мэдээллийг хүргэе:

1.      Стандартын товч танилцуулга

2.      Бүтэц, агуулга

3.      4 Төлөвлөлт ба эрсдэлийн үнэлгээ

4.1 Байгууллагын төлөв байдлыг ойлгох нь

4.2 Манлайлал ба ажилчдын оролцоо

4.7 Онцгой байдалд бэлэн байх, хариу үзүүлэх

 1.       Стандартын товч танилцуулга

 Шинэ стандарт нь COVID-19 цар тахлын үеэр аливаа байгууллага, түүний ажилчид, зочид, хөршүүд, ханган нийлүүлэгчид, гэрээлэгчид болон бусад бүхий л сонирхогч талуудын аюулгүй байдлыг хангах, хүний амь нас эрүүл мэндийг хамгаалахын тулд авч хэрэгжүүлэх цогц үйл ажиллагааг зааварласан МЕНЕЖМЕНТИЙН СИСТЕМИЙН заавар юм.

/Жич: Энэ нь эмнэлгийн, эрүүл мэндийн үйлчилгээний болон бусад төстэй үйл ажиллагаа эрхлэгч байгууллагад халдвар хамгааллыг хэрхэн сахих тухай тусгайлсан заавар өгөх зорилгогүй./

ISO/PAS 45005:2020 стандарт нь ISO45001 болон бусад менежментийн системийн стандарт нэвтрүүлдэг байгууллагын хувьд хэдийнэ танил болсон Төлөвлө-Хий-Шалга-Сайжруул (PDCA) зарчимд суурилжээ. Мөн COVID-19 цар тахлын үед байгууллагууд үйл ажиллагаагаа онцгой нөхцөл байдалд тохируулан өөрчлөх, өөрчлөлтийг төлөвлөх ба хэрэгжүүлэх, хөл хорио тогтоосон горимд зайнаас ажиллах, хөдөлгөөнт байршилд ажиллах, гэрээсээ ажиллах нөхцлүүдийг, мөн үйл ажиллагаагаа зогсоосны дараа эргэн сэргээх, ажилтнуудаа ажлын байранд цуглуулж эхлэх, COVID-н эрсдэлтэй үед үйлдвэрлэлийн осол, гэмтэл, өвчлөл гарах тохиолдолд хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх, зэрэг үйл ажиллагааны зааврыг цогцоор нь багтаасан учир энэ стандарт өнөөдөр COVID-19 нөхцөл байдалд төр, хувийн хэвшлийн бүх төрлийн байгууллагууд ашиглавал иргэдийн бухимдлыг төрүүлээд буй асуудлууд багасч, COVID-19 эрсдэл буурах болов уу, гэж бодогдлоо.

 

2.       Стандартын бүтэц, агуулга

 Стандарт нь нийт 14 бүлэгтэй, 2 хавсралттай ба үүний 4-14-р бүлэг нь гол зааврыг агуулна.


Стандартын бүтэц:

  • Өмнөх үг
  • Танилцуулга
  • 1 Хамрах хүрээ
  • 2 Норматив иш таталт
  • 3 Нэр томъёо, тодорхойлолт
  • 4 Төлөвлөлт ба эрсдэлийн үнэлгээ
    • 4.1 Байгууллагын төлөв байдлыг ойлгох нь
    • 4.2 Манлайлал ба ажилчдын оролцоо
    • 4.3 Ерөнхий төлөвлөлт
    • 4.4 Ажлын байр
    • 4.5 Ажил үүрэг
    • 4.6 Үйл ажиллагаа
    • 4.7 Онцгой байдалд бэлэн байх, хариу үзүүлэх
    • 4.8 Хорио цээрийн дэглэмд зориулсан өөрчлөлтийн төлөвлөлт хийх нь
  • 5 COVID-19-н сэжигтэй буюу батлагдсан тохиолдол
    • 5.1 Ерөнхий
    • 5.2 Физик байршил дахь ажлын байрны өвчлөлийг удирдах нь
    • 5.3 Гэрээсээ ажилладаг, хөдөлгөөнт ажил хийдэг ажилчдын өвчлөлийг удирдах нь
    • 5.4 Шинжилгээ хийх, ойрын хавьтлыг мөшгих, карантилах
  • 6 Сэтгэл зүйн эрүүл мэнд ба аюулгүй байдал
  • 7 Тэгш оролцуулах нь
  • 8 Нөөц
  • 9 Мэдээлэл харилцаа холбоо
    • 9.1 Ерөнхий
    • 9.2 Ажлын байранд анх нэвтрэхэд
    • 9.3 Явц дундах харилцаа
  • 10 Эрүүл ахуй
  • 11 Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, маск, нүүрний хамгаалалтын хэрэглээ
  • 12 Үйл ажиллагаа
    • 12.1 Ерөнхий
    • 12.2 Ажлын байранд анх эргэн ирэх үед
    • 12.3 Ажлын байранд нэвтрэх ба орхин явахад
    • 12.4 Ажлын байрны эргэн тойронд явах, ажлын байр хооронд явах
    • 12.5 Ажлын бүс ба зогсох байршлууд
    • 12.6 Нийтлэг бүсүүдийг ашиглах
    • 12.7 Уулзалт хийх, ажлын байранд зочлох
    • 12.8 Олон нийттэй ажиллах
    • 12.9 Ажлын холбогдолтой аялалд явах
    • 12.10 Хүргэлт хийх
  • 13. Гүйцэтгэлийн үнэлгээ
    • 13.1. Мониторинг ба үнэлгээ
    • 13.2. Удирдлагын дүн шинжилгээ, осол ба аюултай тохиолдол, тайлагнал
  • 14. Сайжруулалт
  • Хавсралт А. Харуул хамгаалалтын үйл ажиллагааг хамгаалалтын горимд шилжүүлэх нь
    • А 1. Ерөнхий
    • А 2. Үйл ажиллагаа ба практик туршлага
    • А 3. Хэрэгжүүлэх арга хэмжээ
  • Хавсралт Б. Нэвтрэх боломж ба тэгш хүртээмжтэй байдлыг хангах нь
    • Б 1. Ерөнхий
    • Б 2. Хувь хүний онцлог хэрэгцээг харгалзах нь
    • Б 3. Анхаарах шаардлагатай хүчин зүйл
  • Ном зүй

 

3.       4-р бүлэг. Төлөвлөлт ба эрсдэлийн үнэлгээ


4.1 Байгууллагын төлөв байдлыг ойлгох нь

4.1.1 Байгууллагын үйл ажиллагааны нөлөөнд байж болзошгүй ажилчид ба бусад хүмүүст (зочид, хэрэглэг, үйлчлүүлэгч, олон нийт) учрах эрсдэлийг тодорхой ойлгохын тулд байгууллага дараах зүйлсийг анхааран авч үзэх шаардлагатай:

a) COVID-19 цар тахлын үеэр хувь хүмүүсийн аюулгүй ажиллах чадавхид юу нөлөөлж болох вэ;

b) Байгууллагын ХЭМАБ-н эрсдэл өндөрсөж байгааг шийдвэрлэхийн тулд үйл ажиллагаагаа хэрхэн өөрчлөх хэрэгтэй вэ.


COVID-19 –тай холбоотой эрсдэлийг үнэлэхээс өмнө байгууллага ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлж болох гадаад ба дотоод асуудлыг тодорхойлсон бол цар тахлын улмаас эдгээр асуудалд ямар өөрчлөлт үүсч байгааг нэмж тооцоолох хэрэгтэй. Байгууллага эдгээр гадаад ба дотоод асуудлын өөрчлөлтийг эрсдэлийн үнэлгээ хийх, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, үйл ажиллагаагаа хаасны дараа эргэн сэргээх эсвэл өөрчлөн зохион байгуулахдаа анхааран үзэж, эрсдэлийг тухай бүр шийдвэрлэн ажиллах нь зүйтэй.


4.1.2 Гадаад асуудалд дараах зүйлс багтаж болох ба үүгээр хязгаарлагдахгүй:

a) Бүс нутаг дахь COVID-19 –н дэгдэлт (бусад байгууллага болон ажлын байруудыг хамруулна);

b) Орон нутгийн, бүс нутгийн, үндэсний болон олон улсын нөхцөл байдал, хамааралтай хуулийн шаардлага болон удирдамжууд;

c) Эрүүл мэндийн үйлчилгээ, оношилгоо, эмчилгээ, вакцинжуулалтын хүртээмж, бэлэн байдал;

d) Эрүүл мэнд, аюулгүй байдлын болон бусад ханган нийлүүлэлтийн хүртээмж (нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, маск, гар ариутгагч, халуун хэмжигч, цэвэрлэгээний болон ариутгалын материал);

e) Ажилчид хэрхэн ажилдаа ирж, ажлаасаа гэртээ харих вэ (нийтийн тээвэр, машин, унадаг дугуйн хэрэглээ, явган алхах боломж);

f) Ажилчдын хүүхдүүдийн хувьд, хүүхдийн асрамж ба халамж анхаарал тавих боломжийн хүртээмж, хүүхдийн сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа;

g) Ажилчдыг зайнаас ажиллуулах тохиолдолд гэртээ ажиллахад тохиромжтой ажил эсэх, гэр бүлийн орчинд ажиллах боломжтой эсэх;

h) Ажилчдын ахуй амьдралын нөхцөл байдал (COVID-19 батлагдсан тохиолдолтой харьцсан байх өндөр эрсдэлтэй, эсвэл COVID 19-с үүдэн хүнд өвчилсөн хүнтэй хамт амьдарч байгаа эсэх);

i) Ханган нийлүүлэлтийн сүлжээний асуудал ба өөрчлөлт;

j) Шаардлагатай үйлчилгээг үргэлжлүүлэн авах боломж (хүнсний хангалт, дэд бүтцийн хангалт, гэр ахуйн хэрэгслийн хангалт);

k) Хэрэглэгчийн хэрэгцээ ба хүлээлт, зан хандлагад гарч буй өөрчлөлт;

l) Орон нутгийн соёл ба соёлын зан үйл (үнсэх, тэврэх, гар барих);

m) Бүтээгдэхүүн/үйлчилгээний эрэлт хэрэгцээ ихсэх эсвэл багасах.


4.1.3 Дотоод асуудалд дараах зүйлс багтаж болох ба үүгээр хязгаарлагдахгүй:

a) Байгууллага дотор COVID-19-н тохиолдол илэрсэн эсэх;

b) Ажлын байрны тоо ба төрөл (оффис, үйлдвэр, цех, агуулах, авто тээврийн хэрэгсэл, жижиглэн худалдааны бөөний цэг, ажилчдын өөрийн гэр орон, хүмүүсийн гэр орон);

c) Эрсдэлийг хянах арга хэмжээнд нөлөөлж болохуйц байгууллага доторх соёлын үнэт зүйл;

d) COVID-19-н талаар цаг үеийн мэдлэг авч чадах чадвар, мэдээллийн нээлттэй байдал;

e) Байгууллагын төрөл болон үйл ажиллагаа (үйлдвэрлэл, үйлчилгээ, жижиглэн худалдаа, нийгмийн халамж, сургалт ба бусад боловсрол, хүргэлт, түгээлт);

f) Байгууллага доторх ажилчдын төрөл (үндсэн ажилтан, гэрээт, сайн дурын ажилтан, чөлөөт уран бүтээлч, хагас цагийн ажилтан, ээлжийн ажилтан, зайны ажилтан);

g) Зай барих физик арга хэмжээг хэрэгжүүлэх боломж, багтаамж;

h) Ажилчдын тусгай хэрэгцээ (COVID-19-н хавьтал болсон байх өндөр эрсдэлтэй ажилчид, COVID-19-р хүнд өвдөх магадлалтай ажилчид);

i) Бусдад анхаарал халамж тавих үүрэгтэй ажилчид, хөгжлийн бэрхшээлтэй ажилчид, жирэмсэн эмэгтэйчүүд, шинэ ээжүүд, ахмад настай ажилчид;

j) Ажилчид чөлөө авах, ажил таслах давтамж ихсэх (өвчтэй байх, өөрийгөө тусгаарлах, карантины дэглэмд байх, гэр бүлд нь гарз хохирол учрах);

k) Нөөцийн бэлэн байдал, үүнд ариун цэврийн өрөө ба гар угаах байгууламжийн хангамж;

l) Ажил зохион байгуулах арга (ажиллах хэрэгцээ өөрчлөгдөх, ажлын хурд өөрчлөгдөх, цагийн дарамт учрах, ээлжийн ажил) ба дэмжлэг, тэдгээр нь хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, сайн сайхан байдалд хэрхэн нөлөөлөх тухай.



4.2 Манлайлал ба ажилчдын оролцоо

4.2.1 COVID 19-тэй холбоотойгоор үүсч буй эрсдэлийг үр дүнтэй удирдахын тулд, байгууллага:

a) Хамтын үүрэг хариуцлага, аюулгүй ажиллах зарчимд манлайлал ба үүрэг амлалт хүлээх, үүнийгээ батлан харуулах;

b) Дотоод бодлогын талаар байнга мэдээлэх, бодлогын шаардлагад нийцүүлж ажиллах

Тайлбар: Орон нутгийн, бүс нутгийн, үндэсний хэмжээний зааврыг мөн дагаж мөрдөж болно;

c) COVID-19-н сэжигтэй тохиолдол болон батлагдсан тохиолдлыг тайлагнах, удирдахдаа ил тод байх зарчмыг баримтлах боловч хувь хүний эрүүл мэндийн мэдээллийг нууцлалыг хадгалах (5-р бүлгийг үзнэ үү);

d) Боломжтой нөөцөөр хангах (8-р бүлгийг үзнэ үү), түүнийг ажилчдад хэрэгтэй цаг үе бүрт, үр дүнтэй байдлаар ашиглуулахад бэлэн байлгах;

e) Ажилчдын төлөөллийн байгууллага байдаг бол тухайн үйлдвэрчний эвлэл болон ижил төстэй байгууллагыг, байхгүй бол ажилчдын төлөөллийг хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, сайн сайхан байдлын талаарх шийдвэр гаргах процесст оролцуулах, шийдвэр гаргахаас өмнө тэдний саналыг авах, зөвлөлдөх боломжийг нээж өгөх;

f) Үйл ажиллагааны хорио цээртэй холбоотойгоор ажиллах боломжгүй, эсвэл өөрийгөө тусгаарлах, карантилагдах шаардлагатай болсон ажилчдын хувьд санхүүгийн хүндрэлийг хэрхэх талаарх тодорхой бодлого боловсруулах;

g) Үйл ажиллагааны хорио цээртэй холбоотойгоор ажиллах боломжгүй, эсвэл өөрийгөө тусгаарлах, карантилагдах шаардлагатай болсон ажилчдад зохих дэмжлэг үзүүлэх, үүнд ажлаас чөлөө олгох, боломжтой бол өвчтэй үед нь цалинтай чөлөө олгох (ингэснээр цалингаа авахын тулд ажиллах ёсгүй хүн ажилдаа ирэхээс сэргийлэх);

h) Ажилчид болоод сонирхогч талууд хүсээгүй тохиолдол эсвэл санал бодлоо хэнд хэрхэн мэдээлэх, түүнийг нь хэн хэрхэн шийдвэрлээд, хэзээ хэрхэн хариу өгөх талаар тодорхой зохицуулах;

i) Боломжит өвчлөл буюу осол, осолд дөхсөн тохиолдол, хүсээгүй тохиолдлыг мэдээлсэн ажилчид болон өөрийгөө өвдсөн, аюултай байдалд орсон байна гэж итгэсний улмаас өөрийгөө ажлын байрнаас тусгаарласан аливаа ажилтныг ямар нэг байдлаар шийтгэхгүй байх, хамт олон нь ялгаварлан гадуурхахгүй байх, нийтээр ялгаварлан гадуурхуулахгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

j) Байгууллагын бүхий л хэсэгт COVID 19-с үүдсэн эрсдэлийг удирдах, эрсдэлийг хянах арга хэмжээг зохион байгуулан хэрэгжүүлэх;

k) COVID 19-тэй холбоотой эрсдэлийг удирдахтай холбоотой мэдээлэл ба зөвлөгөөг ур чадвартай талаас авахаар эрж хайх, үйлчилгээ авах.


4.2.2 Байгууллага нь түүний үйл ажиллагааны нөлөөнд автаж болох ажилчид ба бусад сонирхогч талуудад анхаарал халамж тавих үүрэгтэй ба үүнд хэрэглэгч, үйлчлүүлэгч, олон нийт багтана. Өргөн хүрээнд харвал, байгууллага нь цар тахлын үеэр үүсч болох эрүүл мэнд, аюулгүй байдлын бүхий л эрсдэлийг том дүр зургаар нь харах хэрэгтэй. Ажилчид ба ажилчдын төлөөлөлтэй холбоотой байж, мэдээллийг үр дүнтэй солилцож байх нь COVID-19-тэй холбоотой эрсдэлийг удирдахад сайн нөлөөтэй байх болно.

Байгууллага нь:

a) Ажилчид ба ажилчдын төлөөллийн байгууллагыг COVID-19-тэй холбоотой эрсдэлийг үнэлэх, удирдах тухай шийдвэр гаргахад оролцохыг дэмжих,

b) Ажилчид ба холбогдох сонирхогч талуудтай (олон нийт, хэрэглэгч, ханган нийлүүлэгч, зочид, оюутнууд, хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид, төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод) мэдээлэл солилцож байх (мэдээллийг боломжит арга хэлбэрээр солилцоно, 9-р бүлгийг үзнэ үү);

c) Ажилчид ба холбогдох сонирхогч талуудыг хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын арга хэмжээнд санал өгөх илүү олон арга замыг бий болгох, хангах (үүнд, онлайн хурал, уулзалт, хамтран ажиллах хэрэгсэл ашиглах, онлайнаар судалгаа авах, имэйл хүлээн авах зэрэг),

d) Ажилчид ба бусад сонирхогч талуудаас ирсэн санал хүсэлтийг шийдвэрлэх зохих арга хэмжээг даруй хэрэгжүүлж, үр дүнг нь эргэн мэдээлэх.

Байгууллага нь шийдвэр гаргагчид ба ажилчдын төлөөллийн саналыг авахдаа нийт ажиллах хүчнийг төлөөлөх чадвартай байх, тусгай чиг үүргийн ажлыг хийж үзсэн буюу хийдэг хүмүүсээс саналыг нь авах, өөр хэрэгцээтэй хүмүүсийн үзэл бодол ба хэрэгцээг тусгасан байх хэрэгтэй. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд, соёлын болон үзэл бодлын ялгаатай бүлгүүд, насны өөр ангилалд багтах ажилчдыг алгасаагүй байх хэрэгтэй.



... /зарим бүлгийг алгаслаа, дараа нэмж оруулна :)  / ...



4.7 Онцгой байдалд бэлэн байх, хариу үзүүлэх

Байгууллага урьдчилан тооцоолох боломжтой онцгой нөхцөл байдалд бэлтгэж, одоогийн үйл ажиллагааны процессоо дахин үнэлж, шаардлагатай бол өөрчлөх хэрэгтэй.

Тухайлбал, дараах хүчин зүйлсийг анхааран авч үзэх хэрэгтэй:

a) онцгой байдлын процесс (бусадтай ойр харьцах боломжийг хязгаарласан байдлаар хэрхэн багаар нь ажилтнуудаа аврах, ажилчид ба сонирхогч талуудыг цуглах цэгт цуглуулахад биеэр ойртох боломжийг хязгаарлахын тулд багуудыг тус тусад нь цөөн хүнтэйгээр цуглуулах заавар гаргах);

b) аврах ажиллагааны үеэр тусламж хэрэгтэй хүмүүсийн хувьд онцгой нөхцөл байдалд хэрхэн аврах тухай төлөвлөгөөг дүгнэн шинжлэх (шаардлагатай бол нэмэлт нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангах гэх зэрэг);

c) өвчлөл гарсан, өөрийгөө тусгаарлах, карантилагдах шалтгааны улмаас ажлын байранд сургагдсан ажилтны дутагдал үүссэн тохиолдол онцгой байдалд хариу үзүүлэх чадвартай нэмэлт хүмүүсийг сургаж бэлтгэх;

d) цар тахлын хөл хорионы үеэр осол гарах, эмнэлгийн яаралтай тусламж хэрэгтэй болох үед анхны тусламж үзүүлэх хүмүүс, тэдний хэрэглэх нөөц, хамгаалах хувцас хэрэгсэл зэргийг бэлтгэх, хангах;

e) Уур уцаартай, асуудал үүсгэдэг хүмүүстэй харилцах тухай заавар, хэрхэн ажиллах процессыг тодорхой гаргаж, түгээх, зааварчлах.

Онц аюултай нөхцөл үүсч, нэн яаралтай онцгой байдалд хариу шаардаж байгаа (химийн бодис асгарах, алдагдах, гал гарах, асуудал үүсч эхлэх) үед биеэр ойртохгүй байх удирдамжийг хэрэгжүүлэх нь хүндрэлтэй байж болно. Энэ тохиолдолд, хүний амь насыг яаралтай аврахыг нэн түрүүнд чухалчилж үзэх хэрэгтэй; гэхдээ, байгууллага тухайн онцгой нөхцөл байдалд нэмэлтээр COVID-19 –н халдвар тараах эрсдэлээс сэргийлэх төлөвлөгөө гаргаж, боломжит хувилбараар хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй.

Байгууллага гал унтраах үзүүлэх сургуулилалт хийх, амь аврах, анхны тусламж үзүүлэх үзүүлэх сургуулилалт хийх, хүний амь аврах ур чадварыг олгох ажлыг зогсоож болохгүй ба энэ арга хэмжээнүүдээс үүдэн гарах нэмэлт эрсдэлийг үнэлж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөгөө шинэчлэн, ажилчид болон олон нийтэд мэдээлж, бүх нийтийг мэдлэгжүүлэх хэрэгтэй. Эдгээр үзүүлэх сургуулилалт, дасгал дадлагыг төлөвлөхдөө, байгууллага аюулгүй байдлын нэмэлт хяналт тогтоож, хэрэгжүүлэх хурд ба аргыг тооцох хэрэгтэй, ялангуяа ажлын байрнаас аврах үйл ажиллагаа явуулах үед хоорондын зай барих боломжгүй нөхцөл үүсдэг.

Байгууллага онцгой нөхцөл байдалд бусдад тусалж ажиллах үүрэгтэй ажилтнуудаа нэмэлт эрүүл ахуйн арга хэмжээ яаралтай авч байхыг шаардаж, гар угаах болон ариутгах хэрэгслийг зохих байршлуудад хүртээмжтэй байршуулах хэрэгтэй.


Үргэлжлэл бий ...

 

Та бүхэн тус стандартын англи хувилбартай дараах холбоосоор орж шууд танилцах боломжтой:

https://www.iso.org/obp/ui/#iso:std:iso:pas:45005:ed-1:v1:en

 


Б.Оюунтөгс

Чанар, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, Байгаль орчны менежментийн эксперт, MSc.

ISO9001, ISO45001, ISO14001 Олон улсын ахлах аудитор, сургагч багш

2020.12.17 


OYUNTUGS BATBAATAR
Director, trainer and auditor

MSc.SHEM, ISO9001, ISO45001,

 ISO14001, ISO22000, ISO27001 LA, LI, CT

 
Address: 29/1, 17023, 11th khoroo, Khan-Uul district, Ulaanbaatar, Mongolia
Phone: (976) 77173838 
Website: http://www.mscs.mn

 

Comments

Popular posts from this blog

ESG (Environment, Social and Governance) -н тухай

ХАБЭМ-н удирдлагын тогтолцооны үр дүнтэй хэрэгжилтэнд компанийн соёлын үзүүлэх нөлөө, түүнийг үр дүнтэй удирдах арга зам

ISO стандарт хэрэгжүүлж байгаа үед Гүйцэтгэлийг үнэлэх хэмжих үзүүлэлтээ хэрхэн тодорхойлох вэ?