OHSAS 18001 ба ISO 45001 стандартын тухай товч

За, өнөөдөр одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа OHSAS18001:2007 стандартын талаар товч мэдээлэл оруулъя.

Энэхүү стандарт нь Их Британийн OHSAS (Occupational Health and Safety Advisory Services) гэдэг байгууллагын анх санаачлан боловсруулж, улмаар Их Британи дахь стандартчиллын гол байгууллага болох BSI Group-т өргөн барьснаар, олон улсын стандартчиллын байгууллагуудын хэлэлцүүлэгт орж, батлагдан гарсан билээ. OHSAS гэдэг байгууллага стандартын нэрийг өөрийнхөө байгууллагын нэрний товчлолтой адилхан болгож гаргасан байгаа нь ажиглагдана. Энэ байгууллага Хөдөлмөрийн эрүүл мэнд, Эрүүл ахуй, Сэтгэл  зүй талдаа дагнан ажилладаг бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ч давхар харгалзан үздэг. Тиймдээ ч, уг OHSAS18001 стандарт нь ажилтан хүний эрүүл мэндийг хамгаалах талд шаардлагууд сайтар гарган тавьсан байдаг. Доорх зургаас болон http://www.ohsas.org/ гэсэн хаягаар нь орж мэдээлэл авч болно:



Харин стандартыг батлан гаргасан BSI Group бол Их Британийн Үндэсний Стандартчиллын Байгууллага бөгөөд АНУ, Их Британи, Япон, Хятад, Нидерландын Итгэмжлэлийн Байгууллагуудаар итгэмжлэгдсэн, олон улсад үйл ажиллагаа явуулж, стандартыг санаачлан боловсруулах, батлах/батлуулах, сурталчлан таниулах гэх зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг. Засаглалын хувьд цэвэр ашгийн бус төрийн бус байгууллага бөгөөд аливаа хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн ашиг сонирхлоос ангид, зөвхөн мэргэжлийн үйл ажиллагаа явуулдгаараа ихээхэн нэр хүндтэй. 1901 онд анх үүсгэн байгуулагдсан энэ байгууллага Монгол Улсад олон нийтэд танил болсон ISO9001, ISO14001, OHSAS18001 зэрэг стандартуудыг санаачлан боловсруулж, олон улсын стандарт болгон батлуулж байсан, мөн дэлхий дээрх анхны зөвлөх үйлчилгээг эдгээр удирдлагын тогтолцооны стандартаар өгч эхэлсэн, 2000 оноос хойш олон улсад эрчимтэй үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа байгууллага юм.  Доорх зургаас болон http://www.bsigroup.com/en-GB/ гэсэн хаягаар нь орж мэдээлэл авч болно:


За, OHSAS18001 стандарт маань өөрөө OHSAS Гэр бүл стандарт гэж нэрлэгддэг ба OHSAS18001:2007; OHSAS18002:2008; BS OHSAS 18004; ISO 19011; ILO-OSH Guidance гэх зэрэг стандартуудаас бүрддэг. Мөн нэр томъёог ISO 9000 стандартаас авсан бол нарийвчилсан ХАБЭА-н асуудлаар бусад ХАБЭА-н стандартуудтай уялдаатай хэрэгждэг.

(Эх үүсвэр: PECB, 2016)

Энэ стандарт нь "Олон улсын" стандарт бөгөөд улс орнууд байгаа чигээр нь ашиглах ёстой ба үндэснийх болгон баталж, ингэхдээ доторх зүйл заалтыг өөрчлөн, өөрийн онцлогийг тусгах гэсэн ойлголт байхгүй. Харин улс орнууд дотооддоо өөрийн гэсэн ХАБЭА-н удирдлагын тогтолцооны стандарттай байж болох ба аж ахуйн нэгж байгууллагын дотоодын стандартаа нэвтрүүлэх үү, олон улсын стандарт нэвтрүүлэх үү, гэдэг нь цэвэр сайн дурын сонголт юм.

(Эх үүсвэр: PECB, 2016)

Дээрх зурагт харуулснаар, энэхүү олон улсын стандарт нь Их Британийн BS 8800 гэсэн үндэсний стандартаас гаралтай бөгөөд 1999 онд анхны хувилбар нь гарч байсан, түүнийг сайжруулсан хувилбар нь 2007 онд гарсан, харин энэ онд буюу 2016 онд үүний шинэчлэгдсэн хувилбар болох ISO45001:2016 стандарт батлагдсан гарахаар хүлээгдэж байгаа. Гэхдээ энэ удаад ISO буюу Олон улсын стандартчиллын байгууллага стандартын шинэ хувилбарыг эрхлэн гаргаж байгаа юм. Ингэснээр, тус стандарт нь ISO9001, ISO14001 гэх зэрэг стандартуудын ижил албан ёсоор олон улсын стандарт болж байгаа юм.

OHSAS18001 стандартын хувьд үндсэн дөрвөн бүлэг шаардлага агуулдаг бол ISO45001 нь 10 бүлэг шаардлагатай болж байгаа.


(Эх үүсвэр: OHSAS18001, BSI Group, 2007)


(Эх үүсвэр: ISO/DIS 45001, ISO, 2014)

OHSAS18001-н хувьд 4-р бүлэг нь гол шаардлагыг агуулдаг бөгөөд дотроо Бодлого, Төлөвлөлт, Хэрэгжүүлэлт, Хяналт гэсэн 4 хэсэгт хуваагдсан гол шаардлагуудтай байсан бол ISO45001-н 4-10-р бүлэг гол шаардлагыг агуулах бөгөөд шаардлагууд нь Байгууллагын онцлог, Манлайлал ба ажилчдын оролцоо, Төлөвлөлт, Дэмжлэг, Үйл ажиллагаа, Гүйцэтгэлийн Үнэлгээ, Сайжруулалт гэсэн үндсэн 7 хэсэг хуваагдсан.

Энд хамгийн гол өөрчлөлт нь аливаа удирдлагын тогтолцоо тухайн байгууллагынхаа соёл, ХАБЭА-н суурь менежмент, аюул ба эрсдлийн ерөнхий түвшин, компанийн ерөнхий суурь менежмент, алсын хараа, стратегийн төлөвлөгөө зэрэгт зохицсон байх ёстой, мөн дээд удирдлагын дэмжлэг их сайн байх ёстой, ажилтнуудыг ХАБЭА-н төлөвлөлт, хэрэгжүүлэлт, хяналтын ажилд сайтар оролцуулдаг байх ёстой гэсэн шинэ контекст орж ирсэн байгаа. Тиймээс, стандарт нэвтрүүлэх гэж байгаа байгууллага болон түүнд зөвлөгөө өгч буй талууд компанийн стратегийн менежмент, эрсдлийн менежмент, соёл ба зан үйлийн судалгаа, сэтгэл зүйд суурилсан ХАБЭА-н менежментийг мэдэх, хэрэгжүүлэх, амьдруулах зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Эс бөгөөс, стандарт нь тухайн байгууллагадаа суурьшиж, өдөр тутам хийдэг ажлын нэг хэсэг болж чадахгүйд хүрнэ гэсэн үг.


Иш таталт: 

1. PECB (2016) OHSAS18001 стандартыг хэрэгжүүлэгчийн гарын авлага. Монтреал: PECB.

2. OHSAS Project Group (2007)  Хөдөлмөрийн Эрүүл Мэнд, Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцоо - Шаардлага. Их Британи: BSI Group

3. ISO (2014) Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо - Шаардлагууд ба ашиглах заавар. Женев: ISO.

Comments

Popular posts from this blog

ESG (Environment, Social and Governance) -н тухай

ХАБЭМ-н удирдлагын тогтолцооны үр дүнтэй хэрэгжилтэнд компанийн соёлын үзүүлэх нөлөө, түүнийг үр дүнтэй удирдах арга зам

ISO стандарт хэрэгжүүлж байгаа үед Гүйцэтгэлийг үнэлэх хэмжих үзүүлэлтээ хэрхэн тодорхойлох вэ?