Их Британи ба Монгол Улсын ХАБЭА-н гол хуулиудын харьцуулалт

Монгол Улс

Монгол Улсын ХАБЭА-н тухай хууль нь 2008 онд анх батлагдаж, 2015 онд сайжруулагдсан байгаа. Хуулийг эндээс татаж үзэх болно: http://legalinfo.mn/law/details/564?lawid=564

Хуулийн 1-р бүлэг нь нийтлэг үндэслэл, 2-р бүлэг нь ХАБЭА-н шаардлага ба стандарт /үйлдвэрлэлийн орчин, барилга байгууламж, машин механизм, тоног төхөөрөмж, даралтат сав, шугам хоолой, галын аюулгүй байдал, эрүүл мэндийн үзлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ХАБЭА, ХАБЭА-н сургалт/, 3-р бүлэг нь Ажилтны эрх үүрэг, 4-р бүлэг нь ХАБЭА-н асуудал хариуцах байгууллагын тогтолцоо, 5-р бүлэг нь ААНБ-ын ХАБЭА-н зохион байгуулалт /ХАБЭА хариуцсан бүтэц, зохион байгуулалт, Ажил олгогчийн үүрэг/, 6-р бүлэг нь Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх асуудлууд, 7-р бүлэг нь хуулийн хэрэгжилтэнд тавих хяналт, 8-р бүлэг нь хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаар өгүүлдэг. 

Торгууль төлөх, нөхөн төлбөр төлөх хариуцлагууд хуульд заагдсан бөгөөд өөр бусад хариуцлагыг Эрүүгийн эсвэл Зөрчлийн тухай хуулиар зохицуулна. Мөн Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмж, төлбөрийн тухай хууль, тухайн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааны чиглэлэ, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалж тухайн салбарын хууль, эрх зүйн актуудад ХАБЭА-н холбогдох заалтууд тусгагдаад явдаг. Тухайлбал, ашигт малтмалын тухай хуулинд аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөнөөс хүлээлгэх хариуцлага тусгагдсан байхаас гадна, тусдаа аюулгүй ажиллагааны дүрэм, заавруудаар ил болон далд олборлолтын ХАБЭА-н асуудлыг зохицуулсан байх жишээтэй. Галын аюулгүй байдлын тухай хууль, Химийн хортой бодисоос хамгаалах тухай хууль, Гамшгийн тухай хууль, Тэсэрч дэлбэрэх бодисоос хамгаалах тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль гэх зэрэг олон хууль эрх зүйн актад ХАБЭА-н холбогдолтой заалтууд орсон байгаа. Гэхдээ, эрүүл мэнд, боловсрол, хүнсний үйлдвэр, жижиг дунд үйлдвэр, соёл урлаг гэх мэт салбарын ХАБЭА-н асуудлууд ямар нэг салбарт тусгайлан зориулсан дүрэм зааваргүй. 

Их Британи

Харин Их Британийн ХАБЭА-н тухай хууль нь Ажил Дээрх Эрүүл Мэнд ба Аюулгүй Байдал гэх мэт Акт гэдэг нэртэй, 1974 онд батлагдан гарсан гол хууль /statute гэж нэрлэдэг/ байдаг. Гэх мэт гэдэг үг орсны шалтгаан нь энэ хуулинд өмнө нь Барилгын, Уул уурхайн, Хөдөө аж ахуйн гэх зэргээр салбар бүрт нарийвчлан зориулсан ХАБЭА-н зүйл заалтууд орсон байснаас үүдэлтэй юм. Гэвч, Барилга, Уул уурхай гэх зэрэг салбарууд нь тусдаа хуультай болж гарснаар, одоо хуулийн 29-32-р зүйлд Хөдөө аж ахуйн салбарын ХАБЭА-н асуудал тусгагдсан хэвээр байгаа. Иймд, зөвхөн ерөнхий зүйл заалт биш, салбарын агуулга байгаа шүү гэдгийг илтгэх зорилгоор “гэх мэт” гэдэг үгийг хуулийн нэрэнд оруулсан хэвээр байгаа. Хуулийн бүтэн нэр нь англиар нь Health and Safety at Work etc. Act 1974 гэж нэрлэдэг ба та эндээс хуулийг орж үзэх боломжтой: http://www.legislation.gov.uk/ukpga/1974/37/contents

Энэ хуулийн 1-р бүлэгт Ерөнхий зүйл, 2-9-р бүлэгт ерөнхий үүргүүд, үүн дотор 2 ба 3-р бүлэгт ажил олгогчийн, 7-р бүлэгт ажилтны үүргийг заасан байдаг ба 10-14-р бүлэгт ХАБЭА, Байгаль орчны асуудал хариуцсан байгууллагын тухай, 15-17-р бүлэгт ХАБЭА-н дүрэм журам ба батлагдсан кодуудын талаар, 18-26-р бүлэгт хууль нь ямар хүч ашигладаг тухай /иргэний болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай/, 27-28-р зүйлд Мэдээлэл авах, задруулах, 33-42-р зүйлд гэмт хэргийн зүйл үүсэх нөхцлүүд багтсан байдаг. 

Актыг дагаж гарсан Дүрэм журмыг хоёдагч хууль /secondary legislation/ гэж нэрлэдэг. Тиймээс, Акт ба Дүрэм журам нь ижил эрхтэй, аль аль нь эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэдэг хуулиуд юм. ХАБЭА-н Актыг дагаж гарсан 7 Багц гэж нэрлэгдэж хэвшсэн Дүрэм журмууд байдаг бөгөөд тэдгээр нь Ажил дээрх Эрүүл Мэнд, Аюулгүй Байдлын Удирдлагын дүрэм 1999 ба зургаан багц дүрэм гэж нэрлэгддэг. Тэдгээр зургаан багц дүрмэнд дараах орно: Ажлын байран дахь (Эрүүл мэнд, Аюулгүй байдал, Сайн сайхан байдал) Дүрэм 1992, Ажлын багаж тоног төхөөрөмжөөр хангах, тэдгээрийг ашиглах дүрэм 1999, Ажил дээр хувь хүнийг хамгаалах хэрэгслийн дүрэм 1992, (Дэлгэцээр үзүүлдэг тоног төхөөрөмжийн) Эрүүл мэнд, Аюулгүй байдлын Дүрэм 1992, Гар боловсруулалтын үйл ажиллагаа 1992, Эрүүл мэндэд аюултай химийн бодисыг хянах дүрэм 1999. Эдгээр 6 дүрмийг Их Британи улсад Европын Холбооноос шаардлага тавьж, бий болго гэсэн учраас хуучин байсан дүрэм журмуудаа Европын Холбооны шаардлагад нийцүүлэн өөрчилж гаргасан нь энэ юм.  Өөрөөр хэлбэл, эдгэ    7 багц дүрэм нь ХАБЭА-н асуудлыг зохицуулсан гол Актын хамт бүхий л шаардлагыг тусгасан бөгөөд ХАБЭА-н асуудлыг ойлгож, хэрэгжүүлэх гэсэн ажил олгогчид юуг хийсэн байх ёстойг анхдагч ба хоёрдагч хуулиасаа, түүнийг яаж хийх ёстой зааврыг Батлагдсан Кодоосоо, тэдгээрийг зөрчвөл ямар эрүүгийн болон захиргааны /иргэний/ хариуцлага хүлээж болохыг мөн тэдгээр хууль, дүрэм журмаасаа уншаад ойлгох боломжтой.

Адил тал

МУ-ын ХАБЭА-н тухай хуулийн 27.1-т ХАБЭА-г ажил олгогч хариуцна гэж заасан байдаг бол Их Британийн HSWA 1974 Актын 2.1-т мөн ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг ажил олгогч хариуцна гэж заасан байдаг. 

Ялгаатай тал 

МУ-ын ХАБЭА-н тухай хууль нь тоног төхөөрөмж, барилга байгууламж гэх зэрэг асуудал руу орж зохицуулсан байдаг бол Их Британийн Ажил дээрх Эрүүл Мэнд, Аюулгүй Байдлын гэх мэт Акт 1974 нь эдгээр асуудлыг авч үздэггүй, харин Актыг дэлгэрүүлж задалсан Дүрмүүдэд эдгээр асуудлууд нарийн тодорхой тусгагддаг. Актыг бол эцэг хууль буюу анхдагч хууль /primary legislation/ гэж нэрлэдэг. Аливаа дүрэм журам, ХАБЭА-н статистик, хуулийг яаж биелүүлэх заавар гээд бүхий л төрлийн зөвлөгөө, мэдээллийг ХЭМАБ-ын Удирдах Газраас нь үнэ төлбөргүй авдаг. Бүх мэдээлэл онлайнаар байхын дээр, гэр лүүгээ шуудангаар хүргүүлж авах боломжтой. 

Монгол Улсын хууль ба дүрэм журмын хувьд, яг нэгтгэж базаад, энэ 7-г л мөрдөхөд болно гэж таниулсан зүйл байхгүйн дээр, эрүүгийн болон захиргааны хариуцлагын тухай асуудлыг тусдаа хуулиас олж уншдаг, олон өөр төрийн байгууллагатай харьцаж мэдээллийг олж авдаг, мөн хуулийн эмхэтгэл болон хуулийг яаж хэрэгжүүлэх зааврууд яг хаана төвлөрч байгаа, хэнээс яаж авах нь ойлгомжгүй, хууль нь нарийвчилсан олон асуудал руу орсон боловч яг тухайн зүйлсийгээ Их Британийн дүрмүүд шиг нарийн задалж, тодорхой авч үздэггүй гэдгээрээ дутагдалтай байгаа юм. 

Иймд, Их Британи Улсын шийдэж чадсан нэг томоохон зүйл нь ХАБЭА-н асуудлыг тусгайлан хариуцдаг байгууллагатай, тэнд нь бүх төрлийн мэдээ мэдээлэл төвлөрдөг, иргэд болон байгууллагууд дуртай цагтаа интернэтээр бүх хууль, дүрэм журам, заавар, зөвлөгөөг татаж авч үзэх боломжтой, аливаа осол гарсан ч шүүхээр шийдвэрлүүлэх ямар нэг хэрэг гарсан нь тэр байгууллагатаа л ханддаг, товчоор хэлбэр ХАБЭА л гэвэл бүх зүйлийг нэг байгууллага дагнаж хариуцдаг тул ойлгомжтой, тодорхой тогтолцоог бүрдүүлж чаджээ. 

Comments

Popular posts from this blog

ESG (Environment, Social and Governance) -н тухай

ХАБЭМ-н удирдлагын тогтолцооны үр дүнтэй хэрэгжилтэнд компанийн соёлын үзүүлэх нөлөө, түүнийг үр дүнтэй удирдах арга зам

ISO стандарт хэрэгжүүлж байгаа үед Гүйцэтгэлийг үнэлэх хэмжих үзүүлэлтээ хэрхэн тодорхойлох вэ?