ХАБЭА-н Бодлого боловсруулах нь дээд удирдлагын үүрэг

За, дараагийн сэдвээр ХАБЭА-н бодлогын асуудлыг авч үзье.

Их Британийн Ажил Дээрх Эрүүл Мэнд ба Аюулгүй Байдал гэх мэт Акт 1974-н 2-н 3-р зүйлд зааснаар, ажил олгогчид байгууллагынхаа ХАБЭА-н асуудлын талаар барих ерөнхий бодлогыг бичгэн хэлбэрээр бичиж тунхагласан байх, түүний хэрэгжүүлэлтийг бүхий л боломжит байдлаар зохион байгуулсан байх, хэрэгжүүлэх бүхий л үйл ажиллагааг авч хэрэгжүүлсэн байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, ХАБЭА-н удирдлагын тогтолцооны OHSAS18001 /удахгүй ISO45001 болж гарна стандартын схемийг агуулсан нэг л ийм заалттай байдаг. Хууль нь өөрөө HSG65 стандарттайгаа нягт уялдаатай байдаг бөгөөд тэрхүү стандарт нь бидний мэддэг олон улсын OHSAS18001 стандарттай бараг ижил заалттай юм.

Доорх хүснэгтэнд ялгааг үзүүлснээс харвал, хуулиар шаардсан Бодлоготой байх гэсэн шаардлагыг биелүүлэхийн тулд аж ахуйн нэгж байгууллагууд нь нэг бол үндэсний HSG65 стандартыг, нэг бол олон улсын OHSAS18001 стандартыг хэрэгжүүлсэн байх шаардлагатай болж байгаа юм. Хэдийгээр стандарт бол сайн дурын үндсэн дээр хэрэгждэг ч, хуулиараа яг тэр схемийг хэрэгжүүлсэн байх ёстой гээд шаардаад ирэхээр, байгууллагууд нэгдсэн аргачлалаар, тодорхой системтэйгээр стандарт нэвтрүүлснээр хуулийн шаардлагаа биелүүлэх нь хамаагүй хурдан, амар, ойлгомжтой болж нөхцөлддөг байна.

Их Британийн Ажил Дээрх Эрүүл Мэнд ба Аюулгүй Байдал гэх мэт Акт 1974
OHSAS 18001 /ISO45001/
Бодлогын бичгэн тунхаглал /Written statement of policy/
Бодлого
Зохион байгуулалт /Organisation/
Зохион байгуулалт
Арга хэмжээ /Arrangement/
Planning
Implementation
Control and measure
Auditing

Харин Монгол Улсын ХАБЭА-н тогтолцооны нэг том алдаа нь хууль нь өөрөө нарийн жижиг зүйлс рүү орсон /тоног төхөөрөмж, барилга байгууламжид тавих шаардлагыг тусгасан гэх зэрэг/ мэт боловч тухайн шаардлагуудыг яг тухайн тоног төхөөрөмжөөр нь ангилан харуулж чадаагүй, бүдүүн баараг байдаг. Их Британийн гол хуулинд ийм заалтууд байдаггүй бөгөөд хуулийг дагаж гарсан дүрмүүд нь сэдэв сэдвээрээ нарийвчлан задарсан байдаг. Үүнтэй нэгэн ижил, хууль нь стандарт нэвтрүүл гэж шаардаагүй боловч, хуулийг хэрэгжүүлэхэд стандарт нэвтрүүлсэн байхаас аргагүй болсон уялдаа холбоо бүхий хууль, стандартуудтай байдаг байна. Гэтэл Монголд бол тухай нарийвчилсан хуулиа л мөрдөхөд болох юм шиг харагдах сул талтай. Жижиг, дунд бүх байгууллагууд хуулийн мэргэжилтнээс зөвлөгөө авах, эсвэл бүх төрийн байгууллагаас асуугаад явах боломж байдаггүй тул олон ажил олгогч аль дүрэм журмыг, аль стандарттай нийцүүлж хэрэгжүүлэх ёстойгоо мэдэхгүй байгаа нь аргагүй биз. Энэ бол тухайн ажил олгогчийн, эсвэл хянаж шалгадаг байцаагчийн буруу биш, ерөөс тогтолцооны алдаа юм. Хуулийн тогтолцоо гэдэг өөрөө хууль, дүрэм, журам, стандартууд нь хоорондоо нягт уялдаатай, хуулийнхаа шаардлагыг хангахын тулд дагаж гарсан дүрэм, журам, стандартаа заавал биелүүлэх шаардлагатай болдог, мөн тэдгээрийгээ яаж биелүүлэх заавар, удирдамж, сургалт, мэдээлэл нь хангалттай хүртээмжтэй байх ёстой асуудал юм.

OHSAS18001 стандартыг нэвтрүүлэх гэж байгаа байгууллагууд, эсвэл нэвтрүүлсэн байгууллагууд бэлхнээ мэднэ. Заавал дээд удирдлагаас Бодлогоо баталж гарга аа, гэж шаарддагийг. Энэ нь зарим тохиолдолд, тийм аюулгүй орчин бий болгоно гэх зэрэг уриа лоозонгийн шинж чанартай бичигдээд орхигддог нь өөрөө нэг алдаа юм. Угтаа бол OHSAS18002 стандарт буюу 18001 стандарыг хэрэгжүүлэх заавар нь ч гэсэн, Бодлогыг хэрэгжүүлэх гэж гаргадаг, хэрэгжүүлэхийн тулд Хөтөлбөр, Төлөвлөгөө гаргаж, түүнийгээ Хэрэгжүүлдэг, Хэрэгжилтэндээ хяналт мониторинг хийж, алдаа дутагдал байвал арилгаж сайжруулдаг байхыг шаарддаг. Ингэснээр, аль нэг компани үйлдвэрлэлийн ослыг боломжит хамгийн бага түвшинд байлгана гэж Бодлогодоо заасан бол, энэ зорилгодоо хэрхэн хүрэх вэ гэдэг төлөвлөгөөгөө гаргасан, түүнийгээ, тухайлбал 1 жилийн дотор, хэрэгжүүлсэн байх, хэрэгжүүлсэн эсэхтээ дүн шинжилгээ хийгээд төлөвлөгөөнийхөө хэдэн хувийг биелүүлсэн бэ гэдэгт анализ хийдэг байхыг шаардсан гэсэн үг юм. 

Харамсалтай нь, яг утгаар нь бүрэн хэрэгжүүлж, бодлогоо хэрэгжүүлсэн үү гэж эргэн хянадаг байгууллага тун ховор. Бодлоготой байх ёстой гэдгийг ХАБЭА-н тухай хуулийн 27.3.1-т заасан боловч, харамсалтай нь түүнийг батлан гаргах, хэрэгжүүлэх үүрэг нь ХАБЭА-н асуудал хариуцсан бүтэц болон ажилтны үүрэг байгаа. Харин Их Британид бол Бодлого боловсруулах, төлөвлөгөө гаргах, хэрэгжүүлсэн байх, хэрэгжүүлэлтдээ хяналт тавих үүрэг нь Ажил олгогчид байдаг бөгөөд тэд доороо ХАБЭА-н бүтэц ба ажилтан ажиллуулсан ч ерөнхий хариуцлагаа хүлээсээр байдаг. Монгол Улсын хуулинд ХАБЭА-н асуудал хариуцсан бүтэц юм уу, ажилтан хариуцахаар орсон тэрхүү ХАБЭА-н бодлого нь төлөвлөгөө ба дүрэм журмын хамт боловсруулагдсан, хэрэгжүүлэгдсэн байх ёстой гэж шаардагдсан боловч тэр хэрэгжүүлэлтийн гол утга учир нь бодлогодоо хүрэх явдал гэдэг нь тодорхой харагддаггүй алдаа бий. 

Хуулиар ХАБЭА-н удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн байх ёстой гэж шаардсан нь нэг талаар хэт нарийн зүйл рүү орсон бөгөөд тэр нь үндэсний стандарт нэвтрүүлэх явдал юм уу, дүрэм хэрэгжүүлэх явдал юм уу, эсвэл аль дуртай олон улсын стандартыг хэрэгжүүлэх явдал юм уу, гэдэг нь тодорхойгүй. Ийм ерөнхий заалт орсон учир, ажил олгогч “Би бодлого гаргах ёстой, түүнийг л хэрэгжүүлж байх ёстой юм байна” гэсэн ойлголтыг авах боломжгүй. Гэтэл, удирдлагын тогтолцоо нэвтрүүлнэ гэдэг асуудал нь өөрөө Монгол Улсад OHSAS18001 стандартыг орчуулсан хувилбар л байгаагаас үзвэл, олон улсын стандартыг хэрэгжүүлэх ёстой болж таарч байна уу даа. Хэрэв тийм бол, олон улсын стандарт нь өөрөө Ажил олгогч буюу дээд удирдлага Бодлого гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэх, хэрэгжилтэндээ байнгын хяналт тавьж, алдаа дутагдлаа сайжруулж байхыг шаардаж байгаа. Өөрөөр хэлбэл, хуулийн шаардлагаар ХАБЭА-н ажилтан Бодлого боловсруулж хэрэгжүүлэх үүрэгтэй, гэтэл хуулиа биелүүлэх гээд олон улсын стандарт нэвтрүүлэх гэхээр тэр нь ажил олгогчийн үүрэг болж ирнэ. Энэ нь хууль ба дүрэм журам, стандартууд нь хоорондоо авцалдаа муутай, үүний улмаас аж ахуйн нэгж байгууллагуудад ойлгомжгүй байдал үүсгэж байгаагаас, хуулийн болон стандартын шаардлагыг зөвлөх үйлчилгээний, сургалтын, хяналт шалгалтын байгууллагууд өөр өөр талаас тайлбарлах цоорхойг үүсгэж байгаа юм. 

Хяналт шалгалтын байгууллагад, тухайн компани яг ямар арга замаар, яг юу хийсэн байвал ХАБЭА-н удирдлагын тогтолцоо нэвтрүүлсэн гэж үзэх вэ? гэдэг шалгуур нь тодорхой биш учраас, компаниудаас “ХАБЭА-н удирдлагын тогтолцоо нэвтрүүлсэн үү? Тийм/Үгүй” гэсэн сонголттой шалгах хуудсаар асуулга авдаг. Гэтэл энэ асуултанд хариулахын тулд дор хаяж 20 хуудас шалгах хуудас бөглөж, 2-7 өдөр ажиллаж байж хариу нь гарч ирэх ёстой, мэргэжлийн хүний хийх ёстой үнэлгээний ажил байдаг. 

Тиймээс, хуулинд гэхэд л, Бодлого боловсруулж, хэрэгжүүлэх үүрэгтэй гэж заахад л хангалттай бөгөөд түүнийгээ хэрэгжүүлэхэд шаардлагатай дүрэм журам, стандартыг нэг багц болгон нийгэмд сурталчлан таниулж, хэрэгжүүлүүлж байх нь чухал юм. Их Британид энэ асуудлыг хуулийн системээрээ шийдсэн тул, байгууллага Бодлоготой байх ёстой, түүнийгээ хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л зохион байгуулалтыг хийж, арга хэмжээг авсан байх ёстой гэдгийг ажил олгогчид үүрэг болгон хуулиар тогтоож өгсөн байдаг, тэр хуулийг хэрэгжүүлэхэд яах ёстой вэ гэдгийг HSG65 стандартаа уншаад, “Аан за, бид төлөвлөгөө гаргах ёстой юм байна, тэр нь ийм загвартай байж болох юм байна, төлөвлөгөөг хэрэгжүүлээд, хэр сайн хэрэгжүүлсэн бэ гэдгээ эргэн хянаж байх ёстой юм байна” гэдгийг уншаад ойлгох боломжтой байгаа юм.  


Иймд, өнөөдрийн сэдэв бол Бодлогыг дээд удирдлага баталж гаргаад, хэрэгжүүлж байгааг хариуцах ёстой гэсэн агуулга байлаа.  

Comments

Popular posts from this blog

ESG (Environment, Social and Governance) -н тухай

ХАБЭМ-н удирдлагын тогтолцооны үр дүнтэй хэрэгжилтэнд компанийн соёлын үзүүлэх нөлөө, түүнийг үр дүнтэй удирдах арга зам

ISO стандарт хэрэгжүүлж байгаа үед Гүйцэтгэлийг үнэлэх хэмжих үзүүлэлтээ хэрхэн тодорхойлох вэ?