Үйлдвэрлэлийг ослыг судлахад Англи ба Уэлст их сургуулиудтай хамтарч ажилладаг

Өмнөд Уэлсийн Их Сургуулийн ХАБЭА-н Профессор Ричард Миллиганы хуваалцсан нэгэн жишээг товч дурдъя. Бид хоёрын яриа Монгол ба Их Британи улсуудын үйлдвэрлэлийн ослыг судлах хугацаа, шаардлага, мэргэжлийн байдлын талаар ярилцсан юм. 


1994 онд Их Британийн нэгэн томоохон компанид хязгаарлагдмал орчинд ажиллаж байсан ажилтнууд дотор нь байсан бодисонд хордож нас барсан осол гарчээ. Тухайн ажилтнууд химийн бодис /бензин/ хадгалж байсан танкин дотор орж, 10 жил ямар нэг цэвэрлэгээ үйлчилгээ хийгдэлгүй ашиглагдаж байсан тухайн танкийг цэвэрлэх үүрэг хүлээсэн байна. Тэд нэг бүрийн хамгаалах хувцас хэрэгсэл өмсч орсон боловч, олон өөр төрлийн химийн хортой бодис агуулсан тухайн танкин дотор гэнэт ихээр халж, дотор нь ажиллаж байсан ажилтнуудад тухайн халуун агаарт исэлдсэн химийн бодис нөлөөлж, тооцоологдож байгаагүй эрсдлийг үүсгэсэн байжээ. Танкны гаднах агаарын температур хэвийн байсан ч дотор талдаа хэт халуун болсон нь ажил олгогчийн зүгээс эрсдлийн үнэлгээг дутуу хийж, үүсч болох нөхцлийг бүрэн тооцоолоогүй гэж үзэхэд хүргэсэн байна. Ингээд ажил олгогч хуулийн шийтгэл хүлээсэн. 

Ричард надаас "Ийм ослыг Монголд хэр удаан судалдаг вэ?" гэж асуулаа. Би ч манай "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 3.8 ба 3.9-т зааснаар осол гарснаас хойш тус бүр 2 ба 3 хоногийн дотор Ажил олгогч ослыг судлан бүртгээд, улсын байцаагчид хүргүүлдэг, 3.10-т зааснаар Улсын Байцаагч тухайн ослыг 5 хоногт хянан баталгаажуулдгийг хэллээ. 

Дүрмээс:


Мөн 
"Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"[1] -ийн 7.2-т зааснаар, осол болсноос хойш 6 сарын дотор Улсын Байцаагчаас Акт, Дүгнэлт гаргах ёстой байдаг, тэрнээс хэтэрвэл нөхөж гаргахгүй гэж заасан байдгийг хэлж орхив. 
Дүрмээс:



Харин Ричард инээгээд, "Миний сая хэлсэн жишээн дээр, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдах газраас (HSE гэж товчилдог) энэ хэргийг 5 жил судалсан" гэж хэлэв. Юу гэсэн үг вэ? Хугацаа заадаггүй юм уу? гэтэл "Урд нь тийм хугацаатай байсан, одоо Их Британийн хуулиудад хугацаа заадаггүй, харин үнэн мөнийг нь зөв тогтоох ёстойг заадаг. Ер нь Их Британийн хууль бол дэлхийд жишиг болж явдаг, АНУ, Австрали, Канад болон бусад олон орон манай (Health and Safety at Work Act 1974) Актанд суурилж хуулиа сайжруулсан. Манай хуулинд, аливаа ослын учир шалтгааныг зөвөөр тогтоох нь чухал байдаг учир HSE энэ хэргийн шалтгааныг тогтоохдоо Их Сургуулиадад хандаж, судалгаа хийлгээд, үр дүнг нь хүлээх гэж 5 жил болсон юм" гэв. Мөн тэрээр, хөгжиж буй орнууд 3 сарын дотор, 6 сарын дотор гэхчлэн хугацаа заах нь элбэг байдаг бөгөөд тэд учир шалтгааныг зөв судалж чадах хангалттай эрдэм шинжилгээний нөөц бага, эсвэл улс нь төсөв муутайгаас хангалттай хугацааг зарцуулж чаддаггүй талтай гэлээ. 

Химийн бодист хордож ажилтнууд нь нас барсан тухайн байгууллагын ажил олгогч болон газар дээрх ажлыг хянан гүйцэтгүүлж байсан Супервайзор нар бүгд хийх ёстой ажлаа хийж, эрсдлийг үнэлж удирдсан, ажилтнуудаа сургасан, хамгаалах хэрэгслээр хангасан байжээ. Мөн ажлыг хийхдээ нэг хүн 5 минутаас илү хугацаанд танкин дотор байж болохгүй гэх зэрэг байгууллагын журмын заалтыг ч бүрэн мөрдөж, бүртгэлүүдийг ягштал хөтөлсөн байж. Гэтэл ээлжлэн орж ажиллаж байсан 10-аад ажилтан нас барсан. Ийм тохиолдолд, яг хаана алдаа гарав, юуг буруу хийв гэдгийг тогтоох гэж ийнхүү баримт нотолгоо, судалгааны дүгнэлт олж авах гэж 5 жил зарцуулсан ажээ. Энэ үе шатнаас өмнө компани дотооддоо мөн ослын шалтгааныг судлан, бүртгэдэг. Энэ үе шат нь 2 жил үргэлжилсэн гэнэ. 

Ингээд бодоход, нээрээ л Англи улсаас гаралтай нийтлэг хуулийн систем (common law system) Англи, Австрали, АНУ, Канад улсуудад хэрэгжиж явдаг шүү дээ. Мөн хуулиудыг нь уншиж байхад хугацаа заасан заалт байхгүй байсныг санав. 

Гэтэл Монголд бол үйлдвэрлэлийн ослыг компани 3 хоногийн дотор судалж бүртгээд, 2 хоногийн дотор Мэргэжлийн Хяналтын Байгууллагад мэдээлэх ёстой гэж дээр дурдсан дүрмэнд заасан. Мөн ослын дүгнэлтэнд шаардлагатай хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг гаргах мэргэжлийн байгууллага, лаборатори, их сургууль байдаггүйгээс Улсын Байцаагчид өөрсдөө дүгнэлтээ гаргадаг байна. 

Ингээд, ХАБЭА-н хөгжлөөр дэлхийд тэргүүлдэг Их Британи улс сүүлийн 30 жил дарааллан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийнхөө тоог тогтмол бууруулж байгаа шалтгааныг хуулийн системээс нь эхлээд, бодит амьдралын туршлагаар нь өдөр бүр олж мэдэж байна даа. Үнэндээ, энэ оронд л олон улсын ХАБЭА-н менежментийн HSG65, BS8800, OHSAS18001, ISO45001 зэрэг стандартуудыг боловсруулан гаргадаг BSI Group, дэлхийд тэргүүлдэг ХАБЭА-н мэргэжилтнүүдийн сүлжээ олон улсын байгууллагууд болох IOSH, ХАБЭА-н шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргадаг NEBOSH, ISO-н стандартуудын итгэмжлэл хийдэг хамгийн нэр хүндтэй итгэмжлэлийн байгууллага болох UKAS, олон улсын стандартын аудиторуудыг бэлтгэдэг хамгийн хатуу чанга шалгууртай бөгөөд нэр хүндтэй байгууллага IRCA, за тэгээд ХАБЭА-н чиглэлээр Бакалавр, Магистр, Докторын зэрэгт сургадаг Өмнөх Уэлсийн Их Сургууль, Манчестер Метрополитан Их Сургууль, Кардифф Метрополитан Их Сургууль, Сүндэрландын Их Сургууль, Бирмингамын Их Сургуулиуд энэ улсад л байдаг нь тохиолдол биш, бодлогоор бий болсон боловсрол мэдлэгт суурилсан тогтолцоо ажээ.  





[1] http://www.legalinfo.mn/annex/details/6863?lawid=11263

Comments

Popular posts from this blog

ESG (Environment, Social and Governance) -н тухай

ХАБЭМ-н удирдлагын тогтолцооны үр дүнтэй хэрэгжилтэнд компанийн соёлын үзүүлэх нөлөө, түүнийг үр дүнтэй удирдах арга зам

ISO стандарт хэрэгжүүлж байгаа үед Гүйцэтгэлийг үнэлэх хэмжих үзүүлэлтээ хэрхэн тодорхойлох вэ?