Сайн байцгаана уу?

ХАБЭА-н салбарт ажилладаг хүний хувьд блогийнхоо эхний сэдэв болгож, Их Британи болон Монгол Улсуудын ХАБЭА-н асуудал хариуцсан тогтолцооны талаар харьцуулсан мэдээлэл орууллаа. Та бүхэн санал бодлоо чөлөөтэй хуваалцаарай. 

Та бүхний мэдэж байгаачлан Нэгдсэн Вант Улс буюу United Kingdom гэдэг улс нь Англи, Уэлс, Шотланд, Хойд Ирланд гэсэн 4 орноос бүрддэг. Гэхдээ үүн дотроо Англи ба Уэлс улсуудыг нэгтгэн Их Британи буюу Great Britain гэж нэрлэдэг ба энэ бүст хамаарах ХАБЭА-н хууль нь тусдаа, өөрөөр хэлбэл Шотланд ба Хойд Ирланд улсууд өөр өөрийн онцлог хуультай.

Гол ялгаа нь Монгол ба Их Британи улсуудын хуулийн систем. Монгол Улс бол Иргэний хуулийн системтэй, харин Их Британи улс бол нийтлэг хуулийн /англиар common law гэж нэрлэдэг/ системтэй. Иймд, Монголын хуулиудыг Парлиаментаас баталдаг байхад, Их Британийн анхдагч хууль болох Актыг Парлиаментаас батлана, түүнийг хэрэгжүүлэх чиглэлээр нарийвчлан гаргасан Хуулийн Хэрэгслүүд (Statutory Instruments) буюу Дүрмүүдийг Засгийн Газар, хууль болон дүрмийн дагуу аливаа хэргийг хэрхэн шийдвэрлэсэн шүүхийн туршлага дээр үндэслээд Кейсийн хуулийг Шүүх өөрөө баталж гаргадаг.


Асуулт
Монгол Улс
Их Британи Улс
Хуулийг хэн батлах вэ
Хууль - Улсын Их Хурал буюу Парлиамент (Монголын Нээлттэй Нийгэм Форум, 2002, Википедиа, 2016)
Акт – Парлиамент (Их Британийн Парлиамент, 2016а)
Хоёр дагч хууль – Засгийн Газар (Их Британийн Парлиамент, 2016 б)
Кейсийн хууль – Шүүх (Лийдсийн Их Сургууль, 1998; Соасын Их Сургууль, 2012)
Дагалдаж гарсан дүрэм журам
Олон дүрэм журам бий, үүнийг Засгийн Газраас, эсвэл аль нэг Яамнаас гаргадаг.
Засгийн Газраас ХАБЭА-н асуудлыг тусгайлан хариуцуулсан төрийн байгууллага болох Хөдөлмөрийн Эрүүл Мэнд, Аюулгүй Байдлын Удирдах Газар[1]-аас (ХЭМАБУГ, 2016) хууль болон дүрэм журмыг хэрэгжүүлэх Заавар, Батлагдсан Код, Код, Зөвлөгөөг гаргадаг.


Их Британийн хуулийг ойлгохын тулд Кейсийн хуулийг сайтар судалдаг бөгөөд аливаа хуулийн заалтыг ямар тохиолдолд яаж хэрэглэх вэ гэдгийг тэрхүү кейсүүд буюу өнгөрсөнд гарсан хэргүүд, түүнийг шийдсэн түүх тогтооно. Харин Парлиаментаас нь Акт нэртэйгээр батлан гаргадаг гол хууль бол маш ерөнхий заалтуудтай, түүнийг дагаж гардаг дүрэм журам нь аливаа асуудлыг илүү нарийвчилж, тодорхой зааж өгдөг.
Энэ тогтолцоог ХАБЭА-н асуудал руу нарийвчлан авч үзвэл дараах бүтэцтэй:

Асуулт
Монгол Улс
Их Британи Улс
Гол хууль
Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн тухай хууль (2008)[1]
Ажил дээрх Хөдөлмөрийн Эрүүл Мэнд, Аюулгүй Байдал гэх мэт Акт (1974)[2]
Дүрэм журмууд
Кейсийн хуулиуд /маш олон бий, тухайн нэг хуулийн заалттай уялдуулж хайж олж судалдаг[3]/


Та анзаарсан бол, дүрэм журмыг Монголд Засгийн Газар юм уу, Яамд гаргадаг, харин Их Британид бол ХАБЭА-н асуудал хариуцсан тусдаа төрийн байгууллага нь гаргадаг. Энэхүү төрийн байгууллага нь ХАБЭА-н холбогдолтой бүх хоёр дагч хууль (Regulations)-ийг гаргах, тараан танилцуулах, хэрэгжүүлэлтэнд хяналт тавих, хяналт шалгалт явуулах, ХАБЭА-тай холбоотой аливаа захиргааны болон эрүүгийн хэргүүдийг шүүн таслах, үйлдвэрлэлийн осол ба осолд дөхсөн тохиолдлыг судлан бүртгэх зэрэг бүхий л ажлаа хариуцан хийдэг (Барретт ба Ховеллс, 2000). Харин Монголд бол хяналт шалгалтыг нь Мэргэжлийн Хяналтын Газар хийж, аливаа хэрэг гарвал Шүүхийн байгууллагаар шийдүүлж, Онцгой байдлын асуудал гарвал Онцгой байдлын газартай хамтран ажиллах, Улсаас ХАБЭА-н талаар баримтлах аливаа бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөг Хөдөлмөрийн Яамнаас гаргаж хэрэгжилтийг нь хариуцах зэргээр энэ асуудлыг хариуцсан тогтолцоо нь олон өөр байгууллагад тархсан байдаг. Өөрөөр хэлбэл, бодлогыг нэг гарт зангидаж, ХАБЭА-н асуудлаар хийгдэж буй ажлуудыг нэгтгэн базах байгууллага, тогтолцоо байхгүйгээс үүрэг хариуцлага, эрх мэдэл нь тархмал байдалтай, хоорондоо уялдаа муутай байна.

Мөн нэг ялгаа нь Их Британийн ХАБЭА-н Удирдах Газар нь хотын болон дүүргийн удирдах газруудтай /City and county council гэж нэрлэдэг/, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй, мэргэжлийн байгууллага холбоодтой, их сургуулиудтай, мөн томоохон барилгын болон уурхайн компаниудтай хамтран ажилладаг. Хамтран ажиллахдаа, эрдэм шинжилгээний байгууллага болон их сургуулиудтай аливаа шинээр нээгдэн судлагдаж байгаа мэргэжлээс шалтгаалсан өвчин, эсвэл аливаа ажлын байран дахь эрсдлийн үнэлгээг мэргэжлийн багаж, хэмжих хэрэгсэл ашиглан хэмжих зэргээр нарийн мэргэжлийн үнэлгээ хийх, шинэ арга аргачлал боловсруулах, аливаа компанид гарсан үйлдвэрлэлийн ослын шалтгааныг бүрэн зөв тогтоох зэрэг зорилгоор хамтардаг.


Их Британи
Монгол Улс
Хууль батлах
Парлиамент, ЗГ-ын харъяа ХЭМАБ-ын Удирдах Газар
Парлиамент
Хуулийг сурталчлан таниулах, хэрэгжүүлүүлэх
ЗГ-ын харъяа ХЭМАБ-ын Удирдах Газар
Засгийн Газар, Яамд
Хуулийг хэрэгжүүлэх заавар, гарын авлагаар хангах
ЗГ-ын харъяа ХЭМАБ-ын Удирдах Газар
-
Хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих, шалгалт хийх
ЗГ-ын харъяа ХЭМАБ-ын Удирдах Газар
Мэргэжлийн Хяналтын Газарын ХАБЭА-н асуудал хариуцсан байцаагчид
Үйлдвэрлэлийн ослыг судлах
ЗГ-ын харъяа ХЭМАБ-ын Удирдах Газар
Мэргэжлийн Хяналтын Газарын ХАБЭА-н асуудал хариуцсан байцаагчид
Үйлдвэрлэлийн осолд мэргэжлийн шинжээчээр ажиллах
Их сургуулиуд, лабораториуд, ХАБЭА-н мэргэжилтнүүд
Мэргэжлийн Хяналтын Газарын ХАБЭА-н асуудал хариуцсан байцаагчид
Мэргэжлийн арга зүй, шинэ тутам мэдлэг мэдээлэл, онолын болон практик тусламжаар хангах
Их сургуулиуд, лабораториуд
-
Дотоодын
болон
Олон улсын стандартаар хангах
Британийн Стандартын Институт – Дотоодын стандартаа баталдаг.
Стандартчилал, Хэмжил Зүйн Үндэсний Хороо – Дотоодын стандартаа баталдаг.
Дотоодын стандартанд суурилж олон улсын стандартыг сайжруулж гаргадаг
Олон улсад гарсан стандартыг орчуулж, дотоодын стандарт болгон баталдаг.

Мөн Их Британийн мэргэжлийн холбоод нь тухайн ажил мэргэжлийн ХАБЭА-н талаар илүү нарийн мэдээллийн бааз бүрдүүлж, мэргэжлийн талаас мэдээлэл арга зүйгээр хангах ажлыг хийж, компаниудын үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд, ажилчдын төлөөлөгчидтэй нягт хамтран ажилладаг бол Монголд ийм холбоод нь ХАБЭА-н талаар ажил хийдэг боловч тэр нь мэргэжлийн мэдлэг мэдээллээр гэхээс илүү хуулийн ном товхимол, салбарт хамааралтай дүрэм журмуудыг худалдаалах талд илүү ажиллаж, энэ талаараа төлбөртэй сургалт явуулах үйл ажиллагаа эрхэлдэг, харин мэргэжлийн зүгээс судалгаа хийж, компанийн үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай хамтрах тохиолдол ховор.


Иш таталтууд

Барретт ба Ховеллс (2000) Хөдөлмөрийн Эрүүл Мэнд, Байгаль Орчны Хууль: Текст ба Материалууд. 2 дахь хувилбар. Лондон: Кавендиш Паблишинг ХК. х. 311.

Википедиа (2016) Улсын Их Хурал. Татаж авсан: https://mn.wikipedia.org/wiki/%D0%A3%D0%BB%D1%81%D1%8B%D0%BD_%D0%98%D1%85_%D0%A5%D1%83%D1%80%D0%B0%D0%BB. (Нэвтэрсэн: 2016 оны 5-р сарын 1)
Их Британийн Парлиамент (2016) Хууль хэрхэн бүтдэг вэ? Татаж авсан: http://www.parliament.uk/education/about-your-parliament/how-laws-are-made/. (Нэвтэрсэн: 2016 оны 5-р сарын 10)

Их Британийн Парлиамент (2016 б) Хоёр дагч хууль. Татаж авсан: http://www.parliament.uk/about/how/laws/delegated/. (Нэвтэрсэн: 2016 оны 5-р сарын 10)
Лийдсийн Их Сургууль (1998) Хуулийн системийн эх үүсвэрүүд: Кейсийн хууль. Татаж авсан: http://www.leeds.ac.uk/law/hamlyn/sls.htm. (Нэвтэрсэн: 2016 оны 5-р сарын 10)
Монголын Нээлттэй Нийгэм Форум (2002) Хууль хэрхэн бүтдэг вэ? Иргэдэд зориулсан гарын авлага. Татаж авсан: http://www.forum.mn/res_mat/HowLawIsMade.pdf. (Нэвтэрсэн: 2016 оны 5-р сарын 1)

Соасын Их Сургууль (2012) Их Британийн Кейсийн хуулийг ойлгох нь. Татаж авсан: http://www.soas.ac.uk/library/subjects/law/research/file70250.pdf. (Нэвтэрсэн: 2016 оны 5-р сарын 10)

Хөдөлмөрийн Эрүүл Мэнд, Аюулгүй Байдлын Удирдах Газар (ХЭМАБУГ) (2016) Хөдөлмөрийн Эрүүл Мэнд, Аюулгүй Байдлын Удирдах Газар: Их Британийг сайн ажиллахад нь тусалъя. Татаж авсан: http://www.hse.gov.uk/. (Нэвтэрсэн: 2016 оны 5-р сарын 10)



Comments

  1. баярлалаа, амжилт хүсье

    ReplyDelete
  2. Wow, that's what I was seeking for, what a information! present here at this website, thanks admin of this site.

    ReplyDelete
  3. Баярлалаа сайхан мэдээлэл байна. амжилт хүсье

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

ESG (Environment, Social and Governance) -н тухай

ХАБЭМ-н удирдлагын тогтолцооны үр дүнтэй хэрэгжилтэнд компанийн соёлын үзүүлэх нөлөө, түүнийг үр дүнтэй удирдах арга зам

ISO стандарт хэрэгжүүлж байгаа үед Гүйцэтгэлийг үнэлэх хэмжих үзүүлэлтээ хэрхэн тодорхойлох вэ?